“Ар гүнт”-ээс хот орох чиглэлийн авто замд өчигдөр /2017.08.15/ 15.40 цагийн орчимд автомашины ноцтой осол гарчээ. “Lexus 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад “Toyoto crown” “Land cruiser” зэрэг гурван автомашинтай мөргөлдөж нэг автомашин шатаж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна. Хэргийн газарт онцгой байдлын алба хаагчид болон Замын цагдаагийнхан шуурхай ажиллажээ. Мөн осол гарснаас цаг орчмын дараагаар түргэн тусламж ирсэн аж. Согтуу жолооч хажуудаа хоёр орчим насны хүүхэд суулгаж явжээ. Харин мөргүүлсэн автомашинд нэг жирэмсэн эмэгтэй, гурван эрэгтэй, хоёр хүүхэд нийт зургаан хүн зорчин явж байжээ. Мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эрэгтэй газар дээрээ амиа алдсан байна. Харин мөргүүлсэн автомашинд зорчиж явсан хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэйг ГССҮТ-д иргэд хүргэж өгчээ. Одоогоор тэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. . “Lexus 470” жийп машин жолоодож явсан эрэгтэй биеэ хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Улмаар осол гаргасан согтуу жолооч зам голлож, урсгал сөрж явсан бөгөөд осолд өртсөн машин тухайн машиныг өнгөрөөх золигоор замын хашлага налж зогссон ч, удалгүй согтуу жолооч ирж мөргөжээ. Хэргийн газарт ажилласан замын цагдаа нар согтуу жолоочийг шууд баривчилж, автомашиныг журамлажээ. “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдөр /2017.08.16/ удахгүй эхэлнэ” хэмээн Замын цагдаагийн албаны мэргэжилтэн М.Мөнхгэрэл мэдээлэв.
Д.УУДАМ
Холбоотой мэдээ