Трамп дэлхийн энх тайвны эсрэг

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Трамп дэлхийн энх тайвны эсрэг

Трамп дэлхийн энх тайвны эсрэг

Дональд Трамп өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш олон улсын улс төр бужигнаж эхэллээ.


Хятад

Тэрбээр маргаан дагуулсан олон шийдвэр гаргасны нэг нь АНУ-д хохиролтой гэж үзсэн олон улсын худалдааны гэрээг цуцалснаар Хятад улстай зөрчил үүсгээд байна. Трампын баримталж буй АНУ-ын худалдааг хамгаалах бодлого нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг Хятад удаа дараа мэдэгдэж, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгээ анхаарууллаа. Дональд Трамп даваа гаригт АНУ-ын хөрөнгө оруулагчид, компанид хохиролтой Хятадын гадаад бодлогыг тодорхой болгохыг худалдааны төлөөлөгчид үүрэг болгосон аж. Түүнчлэн тэрбээр Хятад улс АНУ-ын аж үйлдвэрийн нууцыг хулгайлсаар байхад цаашид хараагүй дүр эсгэхгүй гэж хатуу мэдэгдсэн юм. Энэ нь Хойд Солонгосын асуудал, Өмнөд Хятадын тэнгисийн маргаан зэргээс үүдэн таарамжгүй харилцаатай Бээжин, Вашингтоны хооронд зөрчлийг нэмэгдүүлж орхив. Трамп худалдааны асуудлаар Хятадыг шантаажлан Хойд Солонгосын эсрэг хөдөлгөх оролдлого хийж байгаа нь байдлыг улам дордуулж байна.

Венесуэль

АНУ-ын Дональд Трамп Венесуэльд цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэж хэлснээс үүдэн ерөнхийлөгч Николас Мадуро армиа бэлэн байдалд шилжүүллээ. Тэрбээр Венесуэлийн иргэний болон цэргийн хүчнийг нэгтгэсэн том хэмжээний цэргийн сургуулилтыг наймдугаар сарын 26-27-ны хооронд зохион байгуулах үүрэг өгчээ. Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Венесуэль улсын нөхцөл байдлыг ярьж байхдаа цэргийн ажиллагаа явуулж магадгүй хэмээн хэлсэн нь дээрх нөхцөл байдлыг үүсгэсэн аж. Түүний мэдэгдлийн дараа Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино “АНУ багаа тайлж, манай улс руу дайрахыг хүсч буйгаа илэрхийллээ. Энэ бол галзуу хэрэг” хэмээн мэдэгджээ. Венесуэльд эдийн засгийн хямрал гүнзгийрч, газрын тосны баялаг нөөцтэй энэ улсад иргэд шингэрүүлсэн хий буюу газгүй болсноос хоол цай бэлтгэхдээ мод түлж эхэлсэн юм. Венесуэлийн ард иргэд, сөрөг хүчин ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардан олон сар жагсаал цуглаан болж байна. Ийм нөхцөл байдалд Дональд Трамп Венесуэлийн дарангуйллыг зогсоох арга хэмжээ авч эхэлсэн нь эдийн засгийн хориг юм.

Иран

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр ОХУ, Хойд Солонгос , Иран улсын эсрэг шинэ эдийн засгийн хориг тавьсан нь зөрчил үүсгээд байна. Иран нь АНУ тэргүүтэй олон улстай олон жил яригдсан цөмийн хөтөлбөрийн гэрээг 2015 онд байгуулж, ураны нөөцөө багасгасан юм. Гэвч АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьсан нь цөмийн хөтөлбөрийн гэрээг зөрчсөн үйлдэл хэмээн Тегеран эсэргүүцэж байна. Ираны ерөнхийлөгч Хассан Роухани энэ долоо хоногийн эхээр мэдэгдэхдээ АНУ сүрдүүлэг, хоригоо үргэлжлүүлсээр байвал Тегеран хэдхэн цагийн дотор цөмийн хөтөлбөрөө дахин сэргээж чадна гэдгийг анхааруулжээ. Тегерантай цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаар Барууны орнууд Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцалсан байтал АНУ шинэ хориг тавьсан юм.

Хойд Солонгос

Баллистик пуужин, цөмийн зэвсгээр олон улсыг заналхийлж буй Хойд Солонгосын эсрэг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп галаар цохино гэж мэдэгдсэнээс үүдэн нөхцөл байдал хурцдав. Дональд Трампын сүрдүүлгийн хариуд Хойд Солонгосоос АНУ-ын цэргийн бааз байрлах Гуам арлыг Хвасон-12 пуужингаараа харвах төлөвлөгөөтэй гэдгээ зарласан юм. Хэзээ мөдгүй Гуам руу довтлоход бэлэн хэмээн сүрдүүлж буй Хойд Солонгос АНУ-ыг түрүүлж алхам хийхийг харзнаж байгаа аж.Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “АНУ эхлээд манай ойр орчимд стратегийн цөмийн техник хэрэгслээ авчирсан. Солонгосын хойгийн зөрчлийг намжааж, маш аюултай цэргийн мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд АНУ ямар нэг үйлдэл хийх эсэхийг харж байж шийдвэрээ гаргах нь зөв” хэмээсэн байна.

ОХУ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нөхөрсөг харилцаатай Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноор хоёр орны харилцаа зөөлрөх найдлага шинэ хоригоос үүдэн замхрав. Дональд Трамп ОХУ-ын эсрэг шинэ хоригт гарын үсэг зурсны хариуд Владимир Путин ОХУ дахь АНУ-ын дипломатын тоог 755-аар цөөлж, улсаасаа гаргах захирамж гаргасан юм. Гэвч түүний шийдвэрт Дональд Трамп улсын зардлыг багасгаж өгсөнд талархлаа хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын шинэ хориг нь 2016 оны Цагаан ордны сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон Украинд явуулсан үйл ажиллагааных нь хариуд Москваг шийтгэж буй хэрэг аж. ОХУ-ын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ нь тус улсын саалийн үнээ болох газрын тосны салбарыг чиглэгджээ. Шинэ хориг нь Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцэн АНУ болон Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээг илүү өргөтгөсөн байна. Барууныхны зүгээс ОХУ нь  Украинд гал зогсоох зорилготой 2015 оны Минскийн хэлэлцээрийг бүрэн гүйцэт сахисан цагт Москвагийн эсрэг хоригоо цуцална хэмээн мэдэгдэж байв.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж