“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлэх ажил энэ оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс орон даяар явагдаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд орон нутагт төслийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохиож, иргэдээс санал авах үүрэг бүхий долоон баг Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдон ажиллаж байгаагийн нэг нь Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж буй төсөл хэлэлцүүлэгч хэсэг юм. Тус хэсэгт Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны зөвлөх Б.Гандулам, референт Г.Нарантуяа, Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны референт С.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр /2017.08.15/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулга, хэлэлцүүлгээ Сэлэнгэ аймгийн Мандал сумаас эхэллээ. Үдээс өмнө Мандал сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт Мандал, Баянгол сумын 13 багийн Засаг дарга нар, Сайхан сумын төлөөлөл, Түнхэл, Хэрх тосгоны удирдлага зэрэг төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын 50 орчим албан хаагч оролцов. Харин нутгийн иргэд, олон нийтийг хамарсан үдээс хойшхи хэлэлцүүлэг Мандал суман дахь “Мөнгөнхараа” дуу бүжгийн чуулгын байранд болж, Улсын Их Хурлын гишүүн, Зүүнхараагийн унаган охин Н.Оюундарь оролцсон юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, санал асуулгын 400 орчим хуудсаар саналаа өглөө.
Энэ үеэр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга хэрхэн гарсан, ямар шат дамжлагатайгаар хянан боловсруулагдсаныг танилцуулж, иргэдийн тодруулахыг хүссэн олон асуудалд хариулт өглөө. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны зөвлөх Б.Гандулам Улсын Их Хурлын бүрэн эрхэд оруулж буй өөрчлөлтүүдийг хамарсан найман сэдэв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоо бүхий хоёр заалтыг танилцуулсан юм.
Түүнчлэн Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэн эрхэд оруулж буй зургаан өөрчлөлт, шүүх эрх мэдэлд оруулах дөрвөн өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатар танилцууллаа. Үүний дараа Улсын Бага хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын ахмад ажилтан Р.Хатанбаатар төрийн алба, Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулав.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь улсдаа хамгийн олон хүн амтай, аймгийн таван бүс дотроо Хараагийн бүсийн хөгжлийн тулгуур төв гэгддэгийн хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр ихээхэн хүлээлттэй байгаа газруудын нэг гэдгээрээ онцлог. 23 мянган хүн ам бүхий аймгийн төвтэйгөө харьцуулахад 27 мянган хүн ам, 17 мянган сонгогчтой, долоон сургуультай тус сум өмнө нь Зүүнхараа хот хэмээн нэрлэгддэг томоохон төв байсан билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Г.Эрхэмбаяр аварга зэрэг нэр хүндтэй хүмүүсээрээ ихээхэн бахархдаг энэ нутгийнхан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр сумынх нь статус орон нутгийн чанартай хот болж өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байгаа аж.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдлэг, мэдээллээ зузаатгахын тулд санал авах хугацааг хойшлуулж болох эсэх, эдгээр өөрчлөлт шууд одооноос бус, 2020-2021 оноос хэрэгжиж эхлэхийн учир, “Монгол Улсын Ерөнхийлөгч батламжилна” гэсэн үүрэгжүүлсэн заалт хэрэгжих хариуцлагын тогтолцоо байгаа эсэх, иргэдээсээ асуухгүйгээр томилсон багийн Засаг дарга сэтгэл зүрхээрээ ажиллахгүй бол эргүүлэн татах ямар санкц байгаа зэргийг асууж байв. Мөн Төрийн албаны шалгалтад тэнцсэн хүмүүсийг сум, багийн Засаг даргаар томилох, үндсэн чиг үүргийн яамдаас Байгаль орчны яамыг хасаж, туслах чиг үүргийн юм уу бусад чиглэлийн яаманд хамруулах, Эрүүл мэнд, Боловсролын зэрэг яг хүндээ чиглэсэн яамдыг үндсэн чиг үүргийн яаманд хамааруулах, Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг ШЕЗ-ийн томилгоотой адил томилдог болох, сумын засаг даргыг ард түмнээсээ шууд сонгодог болох зэрэг санал дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Шарын гол, Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумдад үргэлжлэхээс гадна Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад өрнөж байгаа билээ.
Ийнхүү үе үеийн парламент дамжин яригдаж, олон удаагийн ажлын хэсэг гарч, цөөнгүй тооны төсөл өргөн барьж, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн сэдвээрх нийт ард түмний хоёр дахь хэлэлцүүлгийн тав дахь үе шат орон нутагт үргэлжилж байна. 1991 оны 6 – 9 дүгээр сард орон даяар явагдсан анхны хэлэлцүүлгийн үеэр 900 гаруй мянган иргэнээс давхардсан тоогоор 200 мянга орчим санал гаргасан байдаг байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ