Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэнэ

Мөн Нийслэл хотынхоо хуулийг шинээр боловсруулах гэж байна. Улаанбаатар хот маш хурдацтай хөгжиж байгаа хот гэдэг нь анзаарагдсан.

Хичээлийн шинэ жил дөхөхөд “Наран туул” худалдааны төвийнхөн амралтгүй ажиллаж, бараа нь шожигнотол зарагддаг ч өнөө жил сайнгүй байгаа бололтой, амарчээ. Иймээс бид “Дүнжингарав” худалдааны төвийг зорьж, хичээлийн шинэ жилийн худалдаа, наймаа хэр байгаа талаар сурвалжиллаа. 

Ажлын өдөр таарснаас тэр үү, үйлчлүүлэгчид нэлээн сийрэг аж. 

Гэхдээ бас хоосонгүй, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэхээр ирсэн эцэг, эхчүүдтэй тааралдав. Тэдний нэг Г.Алимаа. Төв аймгийн Эрдэнэсант сумаас сургуулийн насны хоёр хүүхэдтэйгээ хичээлийн бэлтгэлээ базаахаар иржээ. Энэ тухайгаа тэрбээр “Би энэ жил тав, гуравдугаар ангид суралцах хүүхдийн хичээлийн бэлтгэл базаахаар ирсэн. Хичээлийн хэрэгслийн үнэ өсчээ. Дэвтэр, үзэг, цүнх авлаа. Сурагчийн цүнх л гэхэд дундаж нь 50 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Эгч нь 800 мянган төгрөгтэй л ирсэн, түүндээ л багтаана. Хичээлийн бэлтгэлийг энэ жил оройтуулчихлаа. Хэд хоногийн өмнө ирвэл хэдэн төгрөг татуу байдаг юм. Дүрэмт хувцасны цамцны үнэ нэмэгдчихсэн байна” гэсэн юм.

Бид мөн л хоёр, дөрөвдүгээр ангид сурах хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж буй нэгэн ээжтэй тааралдлаа. Тэрбээр “Дэвтэр, үзэг худалдан авахад л 20 мянган төгрөг болж байна. Дүрэмт хувцас, гутал хувцас авахаар ч талийгаад л өгөх болов уу. Эхний ээлжинд 200 мянган төгрөгөөр худалдан авалт хийхээр үзэж, сонирхоод л явж байна” гэлээ.

Бичиг хэргийн худалдаа эрхлэгчдийн хувьд энэ жил юанийн ханш өнгөрсөн онтой харьцуулахад чангарсанаар БНХАУ-аас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд 500-1000 төгрөгийн нэмэгдэл шингэж байгаа гэдгийг нуусангүй. 

Хичээлийн хэрэгслийн худалдаа эрхлэгч О.Эрдэнэбилэг “Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, одооноос л худалдан авалт бага зэрэг нэмэгдэж байна. 

“Дүнжингаравт” хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна, гэхдээ түрээсийн талбайн үнэ өссөн. 1 м.кв талбайг 300 мянган төгрөгөөр үнэлж байна. Улаан зураас татсан талбай нийт 15 м.кв хэмжээтэй. Хэд, хэдээрээ нийлж талбайгаа түрээсэлдэггүй юм бол үнийг нь дийлэх аргагүй. Дээр нь худалдаа эрхлэгчид барааныхаа үнийг нэмэхгүй бол түрээснийхээ төлбөрийн зардлыг яаж олох билээ. Уг нь бараа, бүтээгдэхүүний үнэ тэгж ч айхтар нэмэгдээгүй. Гэтэл түрээсийн талбайн үнэ нэмэгдэхээр яалт ч үгүй л зарж борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүй болж байна” гэлээ. 

Худалдаа эрхлэгчдийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Улаанбаатар принт” компанийн дэвтрийг сонгохыг үйлчлүүлэгчиддээ зөвлөдөг байна. 

Тус компанийн 12-96 хуудастай дэвтрийн үнэ 190-1500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин үзэг бал 100-3000 төгрөг, үзүүрлэгч, баллуур 1000-2000 төгрөг, хичээлийн цүнх 20-80 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

“Дүнжингарав” худалдааны төвд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаа худалдаалж эхэлжээ. 

Дүрэмт хувцасны срочкон цамц бага ангийн хүүхдийнх 15 мянга, дунд ангийнх 17 мянга, ахлах ангийнх 19 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин бага ангийн дүрэмт хувцас 77.900 төгрөг. 

Худалдан авагчдын нэг Н.Мягмарсүрэн “Миний хувьд дунд ангийн хүүдээ дүрэмт хувцас шинээр авахаар өмсүүлж байна. Эрэгтэй хүүхдийн иж бүрэн дүрэмт хувцас авахад 100 мянган төгрөг болох юм байна” гэлээ. 

Дүрэмт хувцасны үнийн тухайд өнгөрсөн жилийн үнэ хэвээр хадгалагджээ.

Наймаачдын тодотгосноор хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангахтай холбоотой худалдан авалт цалин буух үе болон оюутнууд орон нутгаас ирэх үеэс эрчимжих төлөвтэй байна. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж