Ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн иргэний тоо 2017 оны долдугаар сарын эцэст 37.5 мянгад хүрчээ. Тоог задалж үзвэл, 27.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэг жилийн өмнөхөөс 3400 хүнээр, өмнөх сараас 2000 хүнээр буурч, 27.1 мянга болсны 14.3 мянга нь эмэгтэйчүүд юм. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.9 мянга нь Улаанбаатарт, 5.7 мянга нь Төвийн бүсэд, 5.3 мянга нь Хангайн бүсэд, 5.0 мянга нь Баруун бүсэд, 3.2 мянга нь Зүүн бүсэд амьдардаг.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний долоон сард ажилгүй 46.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 44.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсаныг Үндэсний статистикийн хорооноос онцлов.
Мөн 2016 оны энэ үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 23.2 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 5.0 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 13.1 мянган хүнээр буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.2 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.5 хувийг суурь, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, мөн үүнтэй адил хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Д.УУДАМ
Холбоотой мэдээ