Улсын төсвийн алдагдал 589.4 тэрбум болжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Улсын төсвийн алдагдал 589.4 тэрбум болжээ

Улсын төсвийн алдагдал 589.4 тэрбум болжээ

Улсын төсвийн орлого 2017 оны эхний долоон сард 3.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 4.5 их наяд төгрөг болж, улсын төсөв 589.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг өнөөдөр /2017.08.15/ танилцууллаа.

Улсын төсвийн алдагдал нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр буурчээ. Энэ нь орлого 859.3 тэрбум төгрөг буюу 28.3 хувиар өсч, зарлага 525.4 тэрбум төгрөг буюу 10.5 хувиар буурсан нь нөлөөлснийг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзоригт тайлбарлав.

Татварын нийт орлого 3.4 их наяд төгрөгт хүрч, 2016 оны долдугаар сараас 701.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Онцгой албан татварын орлого 88 тэрбум төгрөгөөр буурсан ч, нэмэгдсэн өртгийн албан татвар 260.4 тэрбум төгрөг, орлогын албан татвар 305.1 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 48.0 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 103.2 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 63.9 (тэрбум төгрөгөөр өссөн нь ийн татварын орлого нэмэгдэхэд нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.7 хувийг татварын орлого, 12.6 хувийг татварын бус орлого, 5.1 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Харин эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 489.3 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээл 4.5 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээс 525.4 тэрбум төгрөгөөр буурсан “сайн” мэдээтэй. Гэхдээ хүүгийн зардал 179.9 тэрбум төгрөг, урсгал зардал 100.4 тэрбум төгрөгөөр өссөн юм.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 2.7 ИХ НАЯДААР ӨСӨВ

Mөнгөний нийлүүлэлт 2017 оны долдугаар сарын эцэст 14.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 500.6 тэрбум төгрөг, нэг жилийн өмнөхөөс 2.7 их наяд төгрөгөөр өссөн байна. 500.6 тэрбумаар мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн харилцах 110.2 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 38.6 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч валютын харилцах 340.0 тэрбум төгрөг, валютын хадгаламж 205.9 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 103.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэв.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 887.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 27.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 69.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг ҮСХ тайландаа дурдсан байв.

НЭГ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 431.1 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ 

Төгрөгийн америк доллартай харьцах Монгол банкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны долдугаар сард 2409.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377.5 төгрөгөөр суларчээ. Харин өмнөх сараас 1.8 хувиар суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах Монгол банкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 356.13 төгрөг болж, нэг жилийн өмнөхөөс 51.72 төгрөг, өмнөх сараас 2.4 хувиар мөн л сулрав.

Төгрөгийн рубльтэй харьцах Монгол банкны нэрлэсэн дундаж ханш 40.52 төгрөг болж, 2016 оны долдугаар сараас 9.02 төгрөгөөр суларч, өмнөх сараас 0.8 хувиар чангарсан байна.

ҮСХ-ноос гаргасан сүүлийн гурван жилийн долдугаар сарын дунджаар нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 2015-2017 оны хооронд 431.1 төгрөгөөр өсчээ.

Нэг ам.доллар 2015 онд 1978.3, 2016 онд 2031.9, 2017 онд 2409.4 төгрөгтэй тэнцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж