С.Сүхбаатар: Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

С.Сүхбаатар: Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв

С.Сүхбаатар: Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж  байгаа  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.15) Сайнцагаан суманд үргэлжиллээ.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж “Аймгийн төвд зохион байгуулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 гаруй иргэн, албан хаагч оролцож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудлуудыг  тусгах талаар 1570 хүний дунд санаандгүй түүврийн аргаар санал авч, судалгаа хийсэн. Үүнээс хойш төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэд, улс төрийн намуудын дунд  хэд хэдэн удаагийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Ингээд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Одоо хуулийн төслийг ард нийтэд танилцуулж, саналыг нь авч хуулийн төслийг улам чамбайруулж байгаа учраас иргэд идэвхтэй оролцоорой. Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг сайн тусгаагүйгээс алдаа оноо гарсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд иргэд хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлттэй танилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Мөн нэмж төсөлтэй холбоотой зарим зүйл заалтыг тодруулж байсан.

Тухайлбал, дордуулсан долоон заалтыг өөрчилсөн, зөв голдиролд оруулсан зүйл, заалт байгаа эсэхийг лавлаж, харин Засгийн газрын дотоод ажилд Ерөнхийлөгч оролцохгүй байх нь зөв хэмээн хэллээ.

Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Сайнцагаан сумын иргэн С.Сүхбаатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчийн томилгоо чухал байгаа. Үүнд, Улсын Дээд шүүхийн шүүгчийг яаж томилох, бусад  шүүхийн шүүгчийг хэрхэн томилох талаар тусгасан байна. Орж ирж байгаа саналыг харахад шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байсныг тодорхой хэмжээнд УИХ оролцдог байхаар өөрчлөх гэж байна. Иргэн хүний хувьд шүүгчдийг иргэд сонгодог байх нь зөв гэж үздэг. Олон улсад ч ийм байдаг. Ер нь бол шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв гэж үзэж байгаа. Томилдог байдал нь танил талаараа томилгоо явуулах нөхцөл бүрддэг” гэсэн юм.

Орон нутагт нэлээд маргаантай байгаа нэг асуудал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудал юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд тодотгож байсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж, цэгцлэхгүй бол ах дүү нар хүртэл отор, нүүдлээс болж маргах нөхцөл бүрдэж байгааг санууллаа.

Дэлгэрцогт сумын иргэн Г.Бөхчулуун “Анх Үндсэн хуулийг батлахад 192 дугаар тойргоос сонгогдож байсан. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэсэн хоёр урсгал байх шиг байна. Миний хувьд зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах нь зөв гэж үздэг. Ялангуяа орон нутагт ажиллаж байхад хуулийн зарим заалтууд зөрчигдөх, нийцэхгүй байх асуудал амьдралд цөөнгүй байна. Тухайлбал, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Цаашид УИХ-ын ирц, тогтолцооны асуудалд өөрчлөлт оруулахаар ард нийтээсээ санал авч байгаад талархалтай байна. Гэхдээ Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа 1992 оны Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөө, ардчиллын талаархи асуудлыг маш сайн тусгасан. Тэгэхээр бүх зүйл заалтад халдахгүйгээр зөвхөн шүүх эрх мэдэл, хуулийн байгууллага, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг иргэдийн амьдралд нийцэхээр өөрчлөх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж байгаа багийн Засаг даргыг шууд томилох заалтыг зарим нь дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь иргэд төртэй ойр байх сонголтыг үгүйсгэж байгаа нь буруу хэмээн шүүмжилж байв. Гэхдээ багийн Засаг даргыг сонгохдоо боловсролын болон ажил байдлын туршлагын талаар босго тогтоохгүй байгаа нь маш буруу гэдгийг хэлж байсан юм.

Сайнцагаан сумын иргэн Ш.Оюун “Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлж байгаа нь маш их ач холбогдолтой. Орон нутгийн засаг захиргааны засаглалд эргэж харахаар зүйл их бий. Багийн Засаг дарга нарыг жалга довны үзлээр, ах дүү нар нь сонгодог. Багийн Засаг даргад тавигдах шалгуур гэж байхгүй байна. Зохих хэмжээнд төрийн ажлыг хийж байгаа хүмүүс учраас боловсролд нь анхаарч босго тогтоох хэрэгтэй. Тиймээс дээрээс нь томилдог байхыг дэмжиж байна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн дараа иргэдийн саналын хуудсыг  хурааж авснаар хурал өндөрлөлөө. Хэлэлцүүлэг Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж