Монгол Улсын Их Хурлын 2017 оны “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 36 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд явагдаж буй хэлэлцүүлэг өнөөдөр ХУД-ийн Соёлын төвд амжилттай эхэллээ. Хэлэлцүүлгийг нээж ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн үг хэлсэн бөгөөд иргэдийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн Хан-уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тус хэлэлцүүлэгт иргэн нэг бүрийн санал чухал гэдгийг онцолсон юм.
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж мөн УИХ-ын Тамгын газрын Хууль, зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч. Ариунхур нар хөтлөн явууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, дүүрэг хороодын Засаг дарга нар, алба хаагчид болон иргэд идэвхтэй оролцлоо.
Тус хэлэлцүүлэгт ХУД-ийн 16 хорооны 400 орчим иргэд оролцон санал бодлоо илэрхийлэн саналаа бичгээр өгсөн юм.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт амжилттай эхэлж байгаа уг хэлэлцүүлэг энэ сарын 15-наас 21-ний хооронд тус дүүргийн 16 хороонд үргэлжлэн явагдах юм.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ