“Устгал хийдэг ч гүнд сум илрэхгүй үлддэг”

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

“Устгал хийдэг ч гүнд сум илрэхгүй үлддэг”

“Устгал хийдэг ч гүнд сум илрэхгүй үлддэг”

Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-аас нууцад үл хамаарах мэдээллээ олон нийтэд хүргэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор улирал тутамдаа үйл ажиллагааны үр дүнгээ сэтгүүлчдэд мэдээлж байхаар тогтсон юм. Энэ удаа ЗХЖШ-аас 2017 оны хоёрдугаар улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, ажиллагаа удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Хүрэлбаатар нарын албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хошууч генерал Ж.Бадамбазар шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хэрэгжилт, энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэл, цэргийн сургалт бэлтгэл, олон улсын болоод хамтарсан сургуулиуд, нийгмийн сайн үйлсэд Зэвсэгт хүчний үүрэг оролцоо зэрэг олон сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тухайлбал, Зэвсэгт хүчний алба хаагчид гадаад арга хэмжээнд амжилттай оролцож байгаа талаар ЗХЖШ-ын Ар талын газрын техникийн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан “Танкийн биатлон”-ны баг, ЗХЖШ-ын Ар талын газрын ахлах мэргэжилтэн хурандаа Б.Батнямаар ахлуулсан Зэвсэгт хүчний 013, 014, 084, 150, 310 дугаар ангийн ахлах тогооч, тогооч нарын “Хээрийн гал тогоо”-ны багууд “Олон улсын цэргийн тоглолт-2017” тэмцээнд тус тус амжилттай оролцлоо. “Олон улсын цэргийн тоглолт-2017” тэмцээний хүрээнд Казахстан Улсын Жамбул мужийн “Гвардейский” цэргийн баазын сургалтын төвд “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд ЗХЖШ-ын Цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга хурандаа Б.Хадбаатараар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй “Мэргэн буудагч”-ийн баг тэмцээний гарааг амжилттай оролцож 5 дугаар байрт шалгарсан талаар онцлов. Тэрээр сүүлийн үед “хүчтэй” яригдах болсон тэсэрч, дэлбэрэх бодисыг эрж хайх, аюулгүй болгох, устгах ажиллагааны талаар ярихдаа Дархан, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт Зэвсэгт хүчнээс томилогдсон долоон бүлгийн алба хаагчид ажиллаж 31 нэр төрлийн 1572 ширхэг буудлагын зэвсэгийн сум, тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэглэлийг илрүүлж аймаг, орон нутгийн эрх бүхий албан тушаалтан, иргэдийг байлцуулан устгалын ажлыг зохион байгуулсан байгаа.

“Тавантолгой дахь Сургалтын төв буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд 1968 оноос хойш байлдааны буудлагатай хээрийн сургуулиуд олон удаа тогтмол явагдсан. Тухайн буудлага бүрийн дараа манай томилогдсон бүлгүүд нэгжлэг самналт хийж устгадаг. Устгал хийдэг байсан боловч гүнд илрэхгүй үлдсэн сум байх магадлал өндөр. Нөгөө талаасаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн район нь Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газарт ордог. Тиймээс энэ орчимд амьдарч байгаа иргэдэд хориотой бүс нутгаар анхаарал болгоомжтой зорчих, магадгүй тэсэрч дэлбэрээгүй сум олдсон тохиолдолд яаралтай мэдээлэх, оролдохгүй байх талаар байнга анхааруулж ирсэн. Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга өнгөрсөн онд энэ орчимд амьдарч байгаа иргэдийг нүүлгэх захирамж гарсан байдаг ч харамсалтай нь малчид маань нүүгээгүй. Энэ нь нэг талаасаа өөрсдөө аюул осолд өртөх эрсдэл учруулж, нөгөө талдаа Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлд сөргөөр нөлөөлж байгааг ойлгох хэрэгтэй.

“Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, устгалын ажлыг зохион байгуулах дүрэм”, “Тэсэрч дэлбэрэх зүйлийг хайх, илрүүлэх, аюулгүй болгох, устгах ажлыг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулан, ЗХЖШ-ын саналыг Батлан хамгаалахын яамны холбогдох газарт хүргүүлсэн байгаа. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, байгууллагын тэсэлгээний үйл ажиллагаанд хяналт тавих, шинээр зөвшөөрөл хүссэн болон зөвшөөрлөө сунгуулах аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтэд мэргэжлийн дүгнэлт гаргаж бүртгэх зэргээр хяналт тавьж ажиллаж байна гэв.

Хавар, зуны хуурай улиралд улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүн ам, эд юмсыг аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлэн оролцсон. Өмнө нь ч дэмжлэг үзүүлж ирснийг онцлох учиртай. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум “Бурхан Халдун” уулын район, Төв аймгийн Эрдэнэ сумын “Асралт хайрхан”-ы район, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Шороотын даваа”-ны район, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт баг “Ил тарвагатайн район”, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Богдхан уулын Жаргалантын ам, Хустайн нурууны Хусан баганатын даваа, Налгарын зүүн бэлд гарсан ой хээрийн түймэрт Зэвсэгт хүчний 016, 186, 303, 326, 327 дугаар анги болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нийт 450 гаруй цэргийн алба хаагч, 24 нэгж техниктэйгээр онцгой байдлын алба хаагчидтай хамтран 7-12 хоног түймрийн голомтод ажиллаж, түймэр унтраасан гээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж