Их Британийн ерөнхий сайд Тереза Мей энэ наймдугаар сарын 30-нд Япон улсад айлчлал хийхээр төлөвлөжээ. Тэрбээр Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй худалдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцэхээс гадна Их Британийн Европын холбооноос гарах үйл явц “Brexit”-ыг хэлэлцэх аж. Тереза Мейн гурван өдрийн айлчлалыг дагалдаж Их Британийн олон бизнесмен Японд айлчлах гэнэ.
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan”, цахилгаан барааны “Hitachi” зэрэг компаниуд Их Британид 50 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 140 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг аж.
Их Британийн хувьд Европын холбооноос гарсан ч Япон зэрэг олон улстай худалдаа, наймааны харилцаагаа хэвээр хадгалж үлдэхийг зорьж байна.
Япон нь дэлхийн гурав дахь том эдийн засагт тооцогддог бол Их Британи тавдугаарт бичигддэг. Өмнө нь хоёр улсын ерөнхий сайд нар өнгөрсөн долдугаар сард Германд болсон олон улсын чуулга уулзалтын үеэр уулзжээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: Reuters