“Битгий шахаад бай, картаа уншуулаадхая. Хүүе түрийвч алга….”
Зорчигчдоос нэг нь “Хулгайч” гэж хашиграхтай зэрэгцэн хоёр ч биерхүү залуу буцаж буулаа.
Гэхдээ буухаасаа өмнө нэг нь “Энийг хэлж байна уу” гээд нэг юм шидэлсэн нь түрийвч байжээ.
“Зүүн салаа-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус өнөөдөр 07.15 цагийн орчимд “Цамбагарав”-ын автобусны буудал дээр ирж зогсоход гаднаас хэд, хэдэн зорчигч чихцэлдсээр орж ирсэн юм. Тэр үед 20 орчим настай залууг хоёр талаас нь шахсан нь халаасан дахь түрийвчийг суйлсан хэрэг байжээ. Золоор тэр даруй мэдсэн.
Хулгай нүд ирмэхийн зуурт болж, хэтэвч ч эзэндээ тэр даруй эргэн ирэв.
Зорчигчид ч “Бурхан минь ашгүй халаасны хулгайч буулаа шүү” гэсэн харцыг бие биедээ илгээсээр автобус ч дараагийн буудал руу зүтгэв.
Нэгэн ахмад настан “Саяхан би түрийвчээ суйлуулсан. Бичиг баримт байхгүй болсон. Энэ муусайн хулгайч нар л авсан байж таарлаа шүү. Одоо шинэ оюутнуудыг ч цөлмөж өгнө дөө” гэж сүүрс алдана.
Харахад тэр хоёр залууг хулгайч гэж хэлмээргүй. Үүргэвч үүрчихсэн, соёлтой гэмээр залуус.
Хэн тэднийг ийм бохир ажил хийж явна гэж санах билээ. Үеийнхэн нь ажил хөдөлмөр эрхэлж, шударга хөдөлмөрөөр амьдралаа залгуулах гээд явж байхад тэд хулгай хийж хүний халаас хоосолж яваа нь уг нь шившиг. Гэвч түүндээ гэмшсэн царай алга.
Харин ч автобуснаас буунгуутаа хэн нэгэнд гараараа “Бүтэлгүйтлээ” гэх дохиог өгч буй бололтой, гараа даллан хоцорсон. Магадгүй аль нэг автобусанд бас нэг халаасны хулгайч нар нь сууж явсан ч юм бил үү хэн мэдлээ.
Нэг хэсэг чимээгүй болоод байсан халаасны хулгайч нарын ажил эхэлсэн бололтой. Хичээл эхлэх цаг хугацаатай уралдан жил бүрийн өдийд халаасны хулгай ширүүсдэг. Эмээгийн хэлдгээр хохирогчид нь гол төлөв хөдөөнөөс ирсэн шинэ оюутнууд, хүүхдээ сургуульд нь оруулахаар ирсэн эцэг, эхчүүд л байдаг.
Зөвхөн автобусаар зорчиход нь түрийвч, гар утас зэргийг нь суйлдаг юм биш дэлгүүр, худалдааны төв, автобусны буудал, зоогийн газар гээд хүн олон цугласан газруудаар эргэлдэж, хоослох нь бий.
Халаасны хулгайч нараас болж иргэдэд хэдий хэмжээний хохирол учирдаг тухай албан ёсны тоо байхгүй ч энэ төрлийн гэмт хэргийн улмаас бичиг баримтгүй болох, автобусанд суух ч мөнгөгүй болтлоо хохирсон иргэд олон.
Нийслэлийн Цагдаагийн газарт ч энэ төрлийн дуудлага тасралтгүй ирэх болсон байна.
Тухайлбал, наймдугаар сарын 11-нд 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, “Офицеруудийн ордон”-ы автобусны буудал дээр гар утсаа алдлаа” гэсэн өргөдөл иржээ.
Хэргийг шалгахад Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд суух Г /эр.43н/-ийн халааснаас “Samsung galaxy S-4” гар утсыг Чингэлтэй дүүргийн 10 хороонд суух Г /эр.25н/ хулгайлсан байжээ.
“Сүхбаатар дүүрэг, “Сөүл”-ийн гудамжинд гар утсаа алдсан” гэсэн гомдол энэ сарын 14-нд иржээ. Шалгахад “Brodwаy” хоолны газарт иргэн Б-г үйлчлүүлж байхад нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд суух Б /эр.34н/ нь “iPhone-7S” гар утсыг нь хулгайлсан байжээ.
Урт гартнуудын хэрэг энэ мэтчилэн хөвөрч байна.
Зөрчлийн хуулиар халаасны хулгайч нарт баривчлах хүртэл шийтгэл ногдуулахаар болсон. Гэвч тэдэнд дээрх шийтгэл зөөлдөж буй бололтой, хулгайгаа үргэлжлүүлэн хийсээр л байх янзтай.
Та олон хүн цугласан газраар явахдаа болгоомжтой байхгүй бол халаасны хулгайч нар олз хайж эхэлсэн байна шүү.
Г.БОЛОР
Холбоотой мэдээ