Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовоос Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн талархлын захидлыг гардууллаа. Мөн ирэх есдүгээр сард Туркменстан Улсын нийслэл Ашхабад хотноо болох Азийн тоглолтын урилгыг гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариу талархал илэрхийлээд, төлөвлөсөн ажил их байгаа тул Азийн тоглолтод оролцож амжихгүй гээд Монгол Улсаас оролцох баг тамирчдаа дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Тус наадамд нийт 64 орны баг тамирчид оролцох бөгөөд Монгол Улсаас 183 тамирчин оролцохоор болсон нь БНХАУ-аас оролцох тамирчидтай эн тэнцэх тоо юм гэдгийг Элчин сайд Ч.Рустамова онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ 2017 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, ирэх 4 жилд Монгол Улс, Туркменстан Улсын уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Туркменстан Улс байгалийн баялгаа зохистой ашигладаг туршлагыг Монголын тал анхаарч үзэх, тус улс сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх том төслүүд зарлаж байгаа нь мөн анхаарч судлахуйц ажил мөн гэдгийг тэмдэглэв.
Туркменстан Улсын талаас Монгол Улсад БНХАУ-ын нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх боломжтой, мөн Монгол Улсаас мах авах боломжтой зэрэг ажил хэрэгч саналуудыг илэрхийлж байв. Монголын ноолууран бүтээгдэхүүн ч гадаад зах зээлд эрэлттэй байгааг Элчин сайд Ч.Рустамова онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнесийн салбараас төрсөн хүн Монгол Улсын Төрийн тэргүүн болсны хувьд Туркменстаны талаас ажил хэрэгч саналууд тавьж буйд талархал илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай цагтаа Туркменстан Улсад айлчлуулахаар урьсан болохыг уламжлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урилгыг талархан хүлээж авлаа.
Эх сурвалж: president.mn
Холбоотой мэдээ