Очир Эрдэнийн зах зээл хямралд оров

Хуучирсан мэдээ: 2017.08.15-нд нийтлэгдсэн

Очир Эрдэнийн зах зээл хямралд оров

Очир Эрдэнийн зах зээл хямралд оров

Дэлхийн зах зээл дээр 2015 онд болор чулууны эрэлт нэмэгдэж, улмаар очир эрдэнийн үнэ огцом уналтад орж байсан түүхтэй. Энэ үйл явдал өнөөдөр дахин давтагдах магадлалтай гэж Citigroup-ийн шинжээчид хамгийн сүүлд гаргасан тайландаа дурджээ.

“Очир эрдэнийн салбар нөөцөө шавхах мөчлөгийн үе рүү шилжиж байна. Энэ төрлийн мөчлөг 2015 онд ажиглагдаж байсан. Тухайн үед очир эрдэнийн борлуулалт 14 хувиар, үнэ нь 25 хувиар унаж байв. Улмаар очир эрдэнэ олборлогч компаниуд алдагдал хүлээх болсон. Харин 2018 он энэ салбарын хувьд хүндхэн он болж өнгөрөх магадлалтай байна. Тодруулбал, 2017 оны хоёрдугаар хагаст болон 2018 онд очир эрдэнийн борлуулалт зургаан хувиар унах магадлалтай” гэж Citigroup-ийн шинжээчид тэмдэглэв.

“Очир эрдэнийн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн зах зээл дээр өсөж байна. 2017 оны эцэст 142.3 сая каратад хүрнэ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 11.5 хувиар их гэсэн үг юм” гэж энэ салбарын шинжээчид үзэж байна.

Гэхдээ 2018 онд өсөлт удааширч, улмаар 2019 онд үйлдвэрлэлийн огцом уналтад орох төлөвтэй байна. Харин 2020 онд Анголын “Луаксе” хоолойн зураг төслийн ажил эхлэхтэй холбоотой очир эрдэнийн үйлдвэрлэл өсөх магадлалтай гэв.

Очир эрдэнийн зах зээлийн нөхцөл байдал эхний ээлжинд очир эрдэнээр хийгдсэн үнэт гоёл чимэглэлийн хэрэглээнээс ихээхэн шалтгаалж байна. Энэ зах зээлийн түүхийн эдийн үндсэн үйлдвэрлэгч нь Орос, Өмнөд Африк аж. Харин зах зээлийн ихэнх хувь нь Хятад, Энэтхэг болон АНУ-д төвлөрч байна.

Хятад болон Энэтхэгчүүд үнэт эдлэл сонирхохгүй байна.

Хятад улс саяхнаас очир эрдэнийн салбарын голлох хөдөлгөгч хүч гэж тооцогдож эхэлсэн. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд зарим үзүүлэлт удаашрах болсон нь ажиглагджээ. Энэ Хятадын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой юм. Үүнээс гадна, хэдэн жилийн өмнө БНХАУ-ын Засгийн газар үнэт эдлэлд зарцуулсан зарлага хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээг чангатгасан гэж China Daily бичжээ.

“Үйлдвэрлэгчид Хятадын хөгжил үнэт эдлэлийн гоёл чимэглэлийн тогтвортой эрэлтийг бий болгож, түүхий эдийн үнэ өснө гэж тооцоолж байв. Иймээс энэ хүлээлтэд найдсан үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч тэдний санаснаар болсонгүй ээ” гэж очир эрдэнийн зах зээлийн судлаач Эхуд Арие Ланиадо тэмдэглэв.

Үүний зэрэгцээ, 2016 оны 11 дүгээр сард Энэтхэг мөнгөний бодлогодоо шинэчлэл хийх болсон нь очир эрдэнийн эрэлт унах шалтгаан болсон гэж шинжээчид харж байна. «БКС Экспресс» мэдээллээр, оросын үйлдвэрлэгчдийн очир эрдэнийн борлуулалт 43 хувиар унаж, 245.6 сая ам.доллар хүрсэн. Харин 2016 оны 12 дугаар сард 30 хувиар унаж, 173 сая ам.доллар хүрсэн гэв.

Үүний зэрэгцээ, үнэт эдлэлийн чанартай очир эрдэнийн дундаж үнэ 23 хувиар унаж, нэг карат нь 127 ам.доллар болтлоо буурчээ.

Миллениал очир эрдэнийг худалдан авах хүсэлгүй байна 

Өнөөдөр зах зээлийн нөхцөл байдлыг тооцоолсон ихэнх үйлдвэрлэгчид АНУ-д найдаж байна. Энэ улс очир эрдэнийн шигтгээтэй гоёл чимэглэлийн гол хэрэглэгч аж. Гэхдээ дэлхийн очир эрдэнийн төвийн (AWDC) мэдээллээр, АНУ-ын мужуудад сүүлийн жилүүдэд эрэлт ойролцоогоор 30 хувиар буурч байна. Энэ төрлийн сөрөг хандлага миллениалуудын дунд буюу 1980-1990-ээд орныхны үед ажиглагдах болсон гэв.

“Тэд өмнөх үеийнхэнтэйгээ адил очир эрдэнийн үнэт эдлэлийн тухай ойлголттой байдаг. Гэхдээ тэд худалдан авах зуршил болон шийдвэр гаргах байдлаараа өмнөх үеэсээ ялгарч байна. Иймээс очир эрдэнийн эрэлтийг миллениалуудын дунд хадгалахын тулд салбарын тоглогчид маркетинг, брэнд бий болгох, худалдааны туршлагаа эргэн харах шаардлага гарч байна” гэж AWDC-ийн төлөөлөгчид үзэж байна.

Шинэ эх үүсвэрийн эрэлд

Шинжээчдийн дүгнэлтээр, очир эрдэнийн томоохон орд газар нөөц нь дууссан гэв. Иймээс шинэ орд газар олохгүй бол хэдхэн жилийн дотор үйлдвэрлэл огцом багасах эрсдэлтэй ажээ.

Шинэ орд газрын нэг бол Луаксе төсөл юм. Энэ төслийг АЛРОСА компани Анголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Ойрын хэдэн жил энэ орд газар үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийн тэргүүлэх орд газрын нэг болох магадлалтай ажээ.

Үүний зэрэгцээ, очир эрдэнийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч De Beers компани Намибийн далайн хэсэгт ашигт малтмалыг хайж байна. Тухайн далайн очир эрдэнийн нөөц нь 80 сая карат гэж шинжээчид тодорхойлсон ажээ. Гэхдээ далайн очир эрдэнийг олборлоход маш их зардалтай юм байна.

Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар, ирээдүйд очир эрдэнийн үнэ өснө гэж тооцоолж байвал компаниуд шинэ орд газрын хайх нь зөв гэв. Гэхдээ очир эрдэнийн үнэ цаашид доод төвшинд хадгалагдвал орд газрууд шавхагдаж, үйлдвэрлэл огцом багасахад хүрнэ гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж