УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн эсэхийг тус намын нарийн бичгийн дарга Б.Тулгаас тодрууллаа.
-МАХН О.Баасанхүү гишүүнийг хөөсөн гэх мэдээлэл цацагдах боллоо. Үүнд тайлбар өгөөч?
-Хөөсөн гэж хэлж болохгүй. Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилд оролцохгүй, уулзалт, хуралдаа ирэхгүй байгаа гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлдөг заалттай. Энэ утгаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулж хэлбэл, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлсөн. Тэр хүн олон удаа намын дотоод журам зөрчиж, хурал тасалсан.
-Тэгэхээр МАХН-ын гишүүн биш болсон гэсэн үг үү?
-Түүнийг намд хашдаг албан тушаалаас чөлөөлсөн. Тэгэхээр намын гишүүн байж болно, дэмжигч байж болно. Хэрэв Гүйцэтгэх товчооны хурал, Бага чуулгандаа ирээд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан бол бид ийм шийдвэр гаргахгүй. Ирэхгүй байгаа хүнийг чөлөөлөхгүй бол болохгүй.
-МАХН-ыг парламентад төлөөлөлтэй байлгадаг гишүүн бол О.Баасанхүү. Гэтэл энэ хүнтэйгээ ойлголцохгүй байгаа нь танай намыг муухай харагдуулах юм биш үү?
-О.Баасанхүү гишүүн Эрдэнэтэд нэр дэвшсэнээрээ азтай юм. УИХ-ын гишүүний суудлыг түүнд МАХН авч өгсөн. Учир нь Засгийн газрын хуралдаанд нууцаар хэлэлцсэн “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг манай намынхан зориглож, илчилсэн. Энэ нь хамгийн түрүүнд Эрдэнэтийн иргэдэд хүндээр туссан. Тиймээс МАХН-ыг дэмжсэн. Тэгж л УИХ-д сонгогдож гарч ирсэн. Ганц суудал авч ирсэн болохоор хүссэн үедээ хуралдаа суудаг байж болохгүй.
Нам гэдэг бол хамтын хүчээр бүх асуудлаа шийддэг. Нэг хүний нам гэж байдаггүй юм. Хэрэв хурал чуулган давхардсан бол асуудлаа урьдчилж хэлээд, өөрийн байр сууриа илэрхийлээд явах ёстой. Тэгэхгүй байгаа хүнийг бид гуйж гувшаад яах билээ. УИХ-д суудал авч ирсэн ганц гишүүн гэхээр бурхан байж болохгүй шүү дээ.
-МАХН цаашид шинэчлэгдэх үү. Намын шинэчлэлийн тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Манай нам бол шинэ нам. Цоо шинээр намын гишүүд бүрэлдээд, танигдаад явж байгаа нам.