УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр баталсан. 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн дээрх хуулиар ямар эрх зүйн харилцаа үйлчилж буйг тоймлон хүргэж байна.
Хэрэгт сэжиглэгдсэн иргэнийг шүүхийн зөвшөөрөлгүй саатуулахыг хоригложээ. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд баривчилж саатуулах хугацаа 72 цаг байсныг 48 цаг болгож богиносгосон. Cэжигтнийг саатуулах бол 48 цагаас хэтэрч болохгүй. Баривчилж саатуулах бол заавал шүүхийн зөвшөөрөл авах ёстой юм. Энэ нь зөвхөн сэжиг таамгаар сэжигтнийг удаан хугацаагаар хорих явдлаас урьдчилан сэргийлээд зогсохгүй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад дэвшил авчирна гэж үзэж байна.
14 НАСНААС ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
Эрүүгийн хууль нь өмнөх хуулиас 40 орчим хувиар өөрчлөгдсөн, ял шийтгэлийн бодлогын хувьд зөөлөрсөн гэж хэлж болно. Тодруулбал, хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгахад анхаарч гэрийн хорионд байлгах, тэнсэх албадлагын арга хэмжээ авах, гэм буруугаа хүлээсэн хүнд ногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд ногдуулах ял гэсэн шинэлэг заалтыг оруулжээ. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулна.
Үүнээс гадна хуульд албадан ажил хийлгэх хугацаа нь 120-480 цаг, гэрийн хорионд байлгах хугацааг 1-5 жил хүртэл байхаар тусгасан. Мөн гэмт хэрэг хүлээлгэх насны хязгаарын хувьд 16 наснаас эхлэх, харин тодорхой гэмт хэргийн тухайд 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.
ӨМГӨӨЛӨГЧ ДЭЭР НУУЦ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОВ
Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг тус хуулиар хориглов.
Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ хуулийн туслалцаа үзүүлж ажиллаж байхад нь түүнд хуулийнхан шахалт, дарамт үзүүлэх буюу хөндлөнгөөс оролцох, саад учруулах ёсгүй. Энэ нь яллагдагч, шүүгдэгчийн эрх ашиг, ашиг сонирхлыг хөндөхөөс гадна тухайн хууль зүйн туслалцаа үзүүлж буй хүний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэж ийнхүү хуулиар хамгаалжээ.
ШҮҮХЭЭС ХЭРГИЙГ БУЦААХГҮЙ
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд цоо шинэ заалт суусан нь хэргийг мөрдөн байцаалтад буцаадаггүй байхаар зохицуулсан юм. Гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон л бол тэр хүнд ял шийтгэлийг нь өгөх ёстой, хангалттай нотлогдоогүй бол цагаатгана. Энэ хоёр зарчмыг баримтлахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд ийн зүйчилжээ.
1. Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.
2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.
36.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц
1. Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.
4. Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.
5. Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана гэж заажээ.
Харин хэрэг мөрдөн байцаалт явцыг хянах, ямар нэгэн алдаа гарсан бол түүнийгээ засах, шаардлагатай бол мөрдөн байцаалтад буцаах зохицуулалтыг шүүхийн урьдчилсан үе шатанд хийхээр болсон юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчгүйгээр байцаасан, эрхийг нь зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг судлуулъя гэхэд нь мөрдөгч хэрэгсээгүй, хэрэгт ач холбогдолтой гэрчийг байцааж өгөөч гээд хүсэлтийг нь хангаагүй гээд маш олон шалтгаанаар мөрдөн байцаах ажиллагаа дутуу дулимаг явагдах тохиолдол гардаг аж.
АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДВОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Авлигын гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт тусгасан. Авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нэмсэн байна.