“Ньюс” агентлаг өнөөдрийн 76:1-д Цэрэнпилийн Даваасүрэнг танилцуулж байна.
Хөвсгөл аймгаас УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа түшээ.
Хуучнаар ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг инженер, Япон улсын Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус, тус суралцан, төгссөн.
Ажлын гараагаа автоматикийн инженерээр эхлүүлсэн ч удалгүй Сангийн яаманд Валютын харилцааны газарт мэргэжилтэн болсон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ.
“Тэмцэгч, тэрслэгч, шүүмжлэгч, 10 хувийн Ц.Даваасүрэн” гэх олон хочтой.
Бодлого нь таалагдахгүй бол хүний, өөрийн нам гэж хайрлахгүй шүүмжилнэ. Бүлэгт багтаж байсан ч шүүмжилнэ, бүлэггүй болсон ч тэмцэнэ, тэрсэлнэ.
С.Батболдын Засгийн газрын үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайг түшиглэн, концессын гэрээгээр дулааны цахилгаан станц барих шийдвэрийг гаргахад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нартай хамтран “Чингүнжавын нутагт хятад шаахайны мөр гаргахгүй” гэж шаардлага тавьсаар энэ ажлыг зогсоож байв.
Дэмжих боломжгүй шалтгаанаа тэд “Цахилгаан станцыг барихад 300-400 хятад ажилчин орж ирнэ. Өртөг нь 110 сая ам.доллар байгаа нь дэндүү их. Цахилгаан станц нь 30-40 жил гадаадын эзэмшилд байх нь зохисгүй” гэж үзсэн юм.
Үүнээс хойш долоон жил өнгөрч, гурав дахь Засгийн газрын нүүрийг үзсэн ч Завхан, Говь-Алтай аймгийн эрчим хүчийг шийдэж чадаагүй л байна.
Бие даагчаар ажилласан хэсэг хугацаанд УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдсан. Энэ үедээ Иргэний нисэхийн ерөнхий газарт хамаатан саднаа шахсан гэх хэл аманд өртсөн ч “Гүтгэлэг” гэж няцаасан юм.
Төсвийн байнгын хороог удирдсан эрх мэдэл нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газар унаснаар дуусгавар болсон гэж хэлж болно. Энэ цаг мөчөөс Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, УИХ-д орж ирсэн Тавантолгойн гэрээ, Гацуурт төсөл зэрэг уул уурхайтай холбоотой бүхий л төслийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг болж хувирсан.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн их шүүмжлэлтэй ханддаг байлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайд айлчлах үеэрээ Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсан ч “Монголыг хохироосон өөрчлөлт болсон” гэж дүгнэсэн юм. Энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрыг огцруулах шаардлага ч тавьж явав.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө нам нь буцаж ирэх урилга илгээснээр МАН-ын гишүүн болсон. Төрхөмдөө буцах нь ч ашигтай байлаа.
УИХ Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог байхгүй болгосон нь бие даагчдад халтай болсон юм.
Намдаа буцаж ирсэн энэ үйлдлийг зарим улстөрч “Урвалт” гэж үзсэн ч “Намаас гарах шийдвэр гаргаагүй байхад хүчээр хөөсөн тул 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээс өөр аргагүй болсон” гэж тайлбарласан билээ.
МАН-д буцаж ирсэн ч шазруун зангаа тавиагүй л байна. Хааяахан Ц.Нямдорж нарын гишүүддээ хатуухан үгийг чулуудах энүүхэнд. Хамгийн сүүлд тэрбээр “Ц.Нямдорж бол шантаажаар амьдарсаар байгаад сурчихсан, намынхаа нөхдийг шантаажилсаар байгаад хэд хэдэн удаа сайд хийчихсэн хүн, бүр зарим улс төрчдийн нохойд барьдаг мод болсон ‘ гэж хэлсэн удаатай.
Харин Ц.Нямдорж гишүүн түүнийг бие даагчаар ажиллах үед нь “Бие даагч нэртэй биеэ үнэлэгчид ажиллаж байна” гэж шүүмжилсэн юм.
Хааяахан Франц эрчүүдтэй адил торгон алчуураар гоёх дуртай тэрбээр МАН-ын “Уламжлал-шинэчлэл, Ардчилал, шударга ёс” жигүүрийн ерөнхий зохицуулагчаар ч ажиллаж явжээ.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр
- 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
- 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
- 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
- 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
- 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
- 2000 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
- 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2005 онд Алтангадас одон
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадаад хэл
- Англи
- Орос
Цахим шуудан
Цахим хуудас
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ