Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаанаар 2017–2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг онцоллоо. Үйлдвэр компанийн удирдлагуудын танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 60 гаруй хувьтай байгаа аж.Нүүрсний хангамж, техник тоног төхөөрөмжийн засвар шинэчлэл болон шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлж, хариуцлагаа чангатгаж ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэг болгов.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөхөөр болсон.Тиймээс системийн хэмжээнд үүсэх ачааллыг эртнээс нарийн тооцоолж, богино хугацаанд бэлтгэл ажлаа хангах шаардлагатайг орон нутгийн үйлдвэр,компанийн удирдлагуудад анхаарууллаа.
Станцуудын нүүрсний хангамжийг бүрдүүлэх бэлтгэл ажил хэвийн байна. Тухайлбал, Шивээ Овоогийн уурхай энэ онд 1,950,0 мян.тн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн бөгөөд 8-р сарын 1-ний байдлаар 1,027 мян.тн нүүрс олборлосон нь 110,6 %-ийн биелэлттэй байгааг танилцуулав. Мөн Багануурын уурхай өвлийн ачаалалтай холбогдуулж нүүрсний авахад бэлэн нөөцийг сар бүр 300.0 мян.тн-с буулгахгүй байхаар зорьж буйгаа мэдээллээ. Шарын голын уурхайн хувьд энэ оны 8-р сарын 01-ний байдлаар 70.0 мян.тн авахад бэлэн нүүрс, 10.0 мян.тн складанд гаргасан бэлэн нүүрсний нөөцтэй байгаагаа танилцуулав.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 500-600 мм голчтой 5.45 хос.км шугамын өргөтгөлийн ажлыг 3 байршилд хийж буй бөгөөд 45 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд мэдээллээ.
Ирэх өвөл харьцангуй хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгаа учир улсын хэмжээний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, салбар яаманд цаг тухайд нь мэдээлэл ирүүлэхийг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэгдлээ. Ирэх өвөл цаг агаар харьцангуй хүйтэрч, хүндрэх төлөв мэдээлэлтэй байгаа учир салбарын өргөтгөсөн шуурхай хуралдааныг эртнээс зарлаж, бэлтгэл ажлыг шуурхайлж байна.
Эх сурвалж: ЭХЯ
Холбоотой мэдээ