Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох ‘Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо’- ноос тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлжээ.
Уг хандивын аянд тус улсад ажиллаж амьдардаг 70 гаруй монгол иргэн оролцсон бөгөөд цугласан хандиваар гал түймэр унтраахад нэн шаардлагатай багаж хэрэгслийн нэг болох гал унтраах үлээгч аппаратыг худалдан авсан байна. Энэхүү үлээгч аппарат нь 2017 оны шинэ загвар бөгөөд ‘Husqvavna-580’ маркийн багаж юм.
‘Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо’- ноос өнөөдөр уг үлээгч аппаратыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн юм. Тус холбооноос цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
‘Husqvavna-580’ маркийн үлээгч аппарат нь 10 гаруй кг-ын жинтэй, үүрч явах зориулалттай, хэрэглэхэд авсаархан, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж юм байна. Уг үлээгч аппаратыг Төв аймгийн Онцгой байдлын газарт олголоо.
Дашрамд дурдахад, 2017.08.14-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ