Оюутнуудын дүнг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Оюутнуудын дүнг хакерджээ

Оюутнуудын дүнг хакерджээ

Сургуулиасаа зарласан сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 12 оюутан компьютерийн мэдлэг өндөр иргэн “Б”-тэй үгсэн тохиролцож, дүнгээ засуулжээ. Иргэн Б оюутан тус бүрээс 70 мянган төгрөг, нийт 840 мянган төгрөг авч, сургалтын тэтгэлэг авах шалгуур үзүүлэлтээ хангаагүй дээрх оюутнуудын дүнг сургуулийнх нь www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч засан, тэтгэлэгт нь хамруулсан хэрэг  өнгөрсөн хавар гарчээ. Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, шалгаж буй юм.

ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАЖ ӨГДӨГ БҮЛЭГ ЗАЛУУСЫГ ШАЛГАЖ БАЙНА

Үүнээс гадна  www.torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг тухайн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг Т, Э, А нарын бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, жолооч нар дүрэм зөрчиж, torguuli.mn цахим хуудсанд түүнийг нь байршуулж байгаа. Мөнгөө төлөхгүй гэсэн хүмүүсээс торгуулийн хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авч, уг цахим хуудас дээрх мэдээллийг нь устгаж өгдөг гурван залууг баривчилжээ.

Олон нийтийн цахим сүлжээгээр Л.Түдэвийн “Оройгүй сүм” зэрэг ховор, үнэтэй зохиол цацагдаж байсан нь саяхан. Хүний оюуны өмчийг ийн хулгайлж, нийтэд задалсан сэжигтнийг дээрх хэлтсийнхэн мөн л илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Сэжигтэн “Б” өнгөрсөн тавдугаар сард www.bookstore.mn сайтын серверт хууль бусаар нэвтэрч хэд хэдэн ном хулгайлжээ. Сэжигтэн  этгээд 1400 гаруй номын хуулбарыг авч олон нийтийн сүлжээнд байршуулсан нь тогтоогдсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 2017 оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн 24 хүнд холбогдох зургаан тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэргийг илрүүлэн ийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ХУДАЛДААНЫ ТОМ КОМПАНИУДЫГ ОЛНООР НЬ ХАКЕРДЖЭЭ

Дээр бичсэнчлэн сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд гарч байгаад анхаарч өөрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатайг цагдаа нар анхааруулав.

Монгол Улсын томоохон  худалдааны  компаниуд  энэ  төрлийн   гэмт   хэрэгт   өртөж  их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн гадаад улсын банкинд байрлах хуурамч дансанд шилжүүлэх байдлаар залилуулах явдал сүүлийн гурван жилд эрс нэмэгджээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд танай болон харилцагч байгууллагын цахим шууданд хортой кодны тусламжтай нэвтэрч таны өмнөөс түнштэй тань, эсвэл түнш байгууллагын чинь өмнөөс тантай харилцаж төлбөр хийх дансны мэдээлэл өөрчлөгдлөө, өөр дансанд мөнгөө шилжүүлнэ үү гэх зэрэг өөрт ашигтай нөхцөл байдал бүхий цахим шууданг нөгөө талд илгээх  байдлаар төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг аж.

Энэ гэмт хэрэг нь ихэвчлэн харилцагч байгууллагын цахим хаягтай тун төстэй  /нэг үсэг, тэмдэгт илүү, дутуу, өөрчилж бичсэн/ өөр цахим хаягаас тус байгууллагын дансны мэдээлэл өөрчлөгдсөн тухай үнэмшилтэй шалтгаан бүхий захидал илгээж уг захидалд дурдагдсан дансанд мөнгөө шилжүүлснээр дээрх гэмт үйлдэл төгсдөг байна.

Иймд байгууллагууд өөрсдийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарч, шаардлага хангасан программ хангамж ашиглах, гадаад харилцаа хариуцсан ажилтнуудаа мэдээллийн аюулгүй байдлын сургалтад хамруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж