Даян аваргын шавь эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Даян аваргын шавь эргэн ирлээ

Даян аварга А.Сүхбатын уран хийцтэй барилдаанд татагдан, үндэсний бөхийн амт шимтэнд орсон үзэгч олон байдаг шиг түүний шавь, залуу харцага Ө.Даваабаатарын багшийгаа өвчсөн мэт дуурайсан тэсрэлттэй барилдааныг үгүйлэн суугаа үзэгч цөөнгүй.

Заал, танхимын барилдаан бүрт “Ө.Даваабаатар ирж үү” хэмээн сураглан ирэх үзэгчид Үндсэн хуулийн барилдаанд түүнийг битүүхэндээ хүлээсэн ч бэртэл гэмтлийн улмаас олон сар барилдаагүй шавийгаа А.Сүхбат аварга энэ барилдаанд хараахан гаргаагүй юм. Гэхдээ нэгэнт харцагын бэртэл илааршиж, дэвжээнд гарахад бэлэн болсон тул энэ жилийн сар шинийн барилдаанд даян аваргын шавь хүрэлцэн ирж, үзэгч олноо баясгах нь баттай болжээ.

Харцага Ө.Даваабаатар одоогоос яг жилийн өмнө буюу өнгөрсөн оны эхээр болсон чөлөөт бөхийн улсын аваргын сорилд оролцож байгаад шөрмөсөө сунгаж, бэртэл авсан юм. Гэхдээ сайн багш, нутаг ус, найз нөхөд, ах дүүсийнхээ буянаар ирээдүйн ямар ч том цолны эзэн байж мэдэх энэ залуу эргэн илааршиж, хүнд мэс заслын ард гарч чадсан юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж