“Тендерийн хууль Монгол Улсыг хөгжлөөс хойш татаж байна. Монгол Улс сүүлийн 27 жил үндэсний үйлдвэрлэгчдээ ор тас мартсан. Өнгөрсөн 27 жилд 20 их наяд төгрөгийг гадаад улс гүрний төсвийн худалдан авалт хийсэн. Бидний төлсөн татварын мөнгө. Одоо Тендерийн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна” гэдгийг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс өнөөдөр /2017.08.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлж байв.
Чиглэл” компанийн захирал Ц.Бумцэнд тендерийн хуулийн талаар ярихдаа “Манай компани энэ жил найман тендерт оролцоод, үйлдвэрлэгч компанийн хувьд амжилт олсонгүй. Тендерийн хуулийг хэрэгжүүлдэггүй. Тендерт оролцож байгаа тохиолдолд импортын бараа бүтээгдэхүүн сонгохыг хориглоно гэж заасан байгаа. Тендерт дотоодын үйлдвэрлэгч компани ялдаггүй шалтгаан нь авлигал өгдөггүй учраас ялдаггүй юм байна. Тендерт ялсан компаниудын нийлүүлж байгаа бараа нь гэхээр хамгийн чанаргүй хог новшийг нийлүүлдэг. Манай компани сургууль, цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэдэг. Гэтэл хүүхдүүдийн хоолны тогоо гэж нохойны идүүр шиг тогоо нийлүүлдэг. Өнөөдөр мэргэжлийн компаниуд тендерт оролцоод ялсангүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сайхан ярьдаг ч хууль нь огт хэрэгжихгүй байна” гэсэн юм.
Мөн өмнөх Засгийн газрын үед Тендерийн хуульд өөрчлөлт орж 10.1 заалтаар “Чанар стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төсвийн худалдан авалтаар авна” гэж зааж өгчээ.
Цахим тендерийн зохион байгуулагчид шударга явагддаг уу, яагаад үндэсний үйлдвэрлэгчид ялахгүй байгаа талаар судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийг мэргэшсэн сургалтад хамруулж, тендерийн ажлын хэсэгт ажлуулсан байна.
Уг ажлын хэсэгт орж ажилласан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн Д.Энхцэцэг “Би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан цахим тендерт ажилласан. Энэ тендерийн захиалагч нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам байсан. Хөдөөгийн малчдын хүүхдүүдийг боловсролд хамруулах гэр цэцэрлэгийг байгуулах 50 ширхэг гэр цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гэр худалдан авах 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлагдсан. Энэ тендерт салбар яамны Хөрөнгө оруулалт газрын дарга Отгонбаяр, мэргэжилтэн Амартүвшин, төрийн бус байгууллагаас хоёр, худалдан авах ажиллагаанаас хоёр, ажлын хэсгийн дарга гэсэн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй тендерийн комисс хуралдсан. Салбар яамны Хөрөнгө оруулалт газрын дарга Отгонбаяр удаа дараа оролцоогүй. Тендер дүгнэх хурлаа хийх үеэр компьютер гацаад ажиллахгүй, мэргэжилтнүүд нь ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд хурал хүчингүй болж, дахин хурлыг зарлахгүйгээр тендерт оролцсон нэг нэг компаниудыг шалгаруулсан. Өнөөдөр хуулийн дагуу шалгаруулж, үнэлгээгээ хийхгүй байна. Ингэж л бидний татварын мөнгийг яамдын эрх мэдэлтнүүд ямар ч тендергүйгээр авч байна” тухай ярилаа.
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлд нийт 40 гаруй холбоо болон 200 гаруй дотоодын үйлдвэрлэгч компани нэгдсэн байдаг ажээ.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх
Холбоотой мэдээ