Орхон гол бохирдсон тухай зураг, мэдээлэл цахим орчинд цацагдаж олны анхаарлыг нэлээд татаж байна. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас тодруулга авлаа.
-Сүүлийн үед Монгол орны томоохон голууд ихээр бохирдож байна гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа сошиал орчинд Орхон гол улаанаараа эргэж байна гэсэн зураг цацагдаж олон нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ дорвитой ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл мөн байна. Үүн дээр байр сууриа илэрхийлнэ үү. Танай яамны зүгээс дээрх чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
-БОАЖ-ын сайдын шийдвэрийн дагуу ажлын хэсэг томилогдон уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас ихээхэн бохирдож байгаа тодорхой гол газруудад ажиллаж байна. Тодруулбал, сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Хүдэр, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг болон Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын хил дамнасан Туул голын сав газруудад ажиллаа. Уг ажлын хэсэгт манай яамны холбогдох газрын мэргэжилтнүүдээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, МХЕГ, цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлагууд зэрэг өргөн бүрэлдэхүүн багтсан. Ажлын хэсэг газар дээр нь очиж, тухай бүрт нь гарсан зөрчлийг таслан зогсоох чиглэлийн арга хэмжээг авч, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа.
-Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ажилласан гэлээ. Та бүхнийг ажиллаж байхад Орхон гол ямар байдалтай байсан бэ. Мөн одоо Орхон гол улаанаараа эргэсэн байна гэсэн зураг цахим орчинд яваад байна. Шалтгааныг нь тогтоосон уу?
-Биднийг наймдугаар сарын эхээр тус газарт ажиллахад нөхцөл байдал хэвийн байсан. Газар дээр нь үүрэг өгч, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь баталж өгсөн. Мөн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад Орхон голыг бохирдуулахгүй байх, хяналт тавих, шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг тодорхой үүрэг, даалгавар, чиглэл өгсөн байгаа. Цахим ертөнцөд явж байсан зургийг харсан. Наймдугаар сарын 10-нд цэнхрээрээ урсаж байсан гол 12-нд ингэж бохирдсон байна гэж харьцуулсан байсан. Энэ дагуу бид тус аймгийн БОАЖГ, МХГ болон холбогдох бусад хүмүүстэй ярьж, тодорхой үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж мэдээлэл өгч байгаа. Хамгийн сүүлд өгсөн мэдээллээр тус газарт 2-3 өдөр тасралтгүй бороо орсны улмаас үер бууж, зарим нэгэн далан сэтэрсэн. Далангийн сэтрэлтийг тэр даруйд нь зогсоох гэсэн боловч маш их үертэй байсан учраас техник хэрэгсэл орж чадахгүйд хүрч, бороо зогссоны дараа арга хэмжээ авсан гэсэн мэдээлэлтэй байна. БОАЖЯ-ны зүгээс үргэлж ийн анхаарал тавьж ажиллаж байгаа. Гэхдээ аливаа зөрчил, дутагдал бүхэн дээр МХЕГ байнгын хяналт тавьж ажиллаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу үүрэг хүлээсэн гол байгууллага бол МХЕГ. Тийм учраас орон нутаг, БОАЖГ, МХГ акт тогтоох зэрэг ажлыг хийж, хамтран ажиллах шаардлагатай. Яагаад гэхээр, манай яамны хувьд шууд очоод үйл ажиллагааг нь зогсоох, торгууль тавих эрх байдаггүй. Зөвхөн ерөнхий бодлогын хүрээнд хандаж, зохион байгуулалт хийдэг. Харин хүмүүс ганц БОАЖЯ дангаараа энэ бүхнийг хариуцчихсан юм шиг ойлгоод байна. Тэр утгаараа ямар нэгэн асуудал гарах даруйд мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас түрүүлж БОАЖЯ руу ханддаг.
-Тэгэхээр хүмүүсийн яриад байдаг шиг асуудал үүссэн газар ганц БОАЖЯ-наас холбогдох хүмүүс очоод үйл ажиллагааг нь зогсоох, торгох, лицензийг нь хураах боломжгүй гэсэн үг үү. Тийм эрх байдаггүй гэж ойлгож байна?
-Тийм. Ашигт малтмалын болон байгаль хамгааллын чиглэлийн бүхий л хуульд зааснаар хяналтын үйл ажиллагааг МХЕГ бүх шатандаа хэрэгжүүлдэг. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан акт болон орон нутгийн дүгнэлт, саналыг үндэслээд манай яам тухайн лицензийг хүчингүй болгох тухай саналыг боловсруулж Ашигт малтмал, газрын тосны газарт өгдөг. Түүнийг нь Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрлэдэг. Харин БОАЖЯ-нд тийм эрхзүйн боломж байдаггүй.
Эх сурвалж: БОАЖЯ