Өнөөдөр дэлхий дээр нийт 700 сая эрэгтэй, 665 сая эмэгтэй хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр хүйсийн тэгш байдлыг хангах нь дэлхийн эдийн засагт нэмэлт 12 их наяд ам.долларын орлого оруулах боломжтой гэсэн дүгнэлтийг “McKinsey” зөвлөх үйлчилгээний компанийн мэргэжилтнүүд хийв.
Хөгжиж буй орнуудад дэлхийн эдийн засагт жил бүр 12 их наяд ам.долларын орлого оруулах боломжтой. Жишээлбэл, Энэтхэг, Хятад зэрэг улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр тус улсын эдийн засгийн чадамж нь 10-аас илүү хувьтай өсөх боломжтой гэж McKinsey компанийн зөвлөхүүд тайлбарлаж байна.
Тэдний дүгнэлтээр, Энэтхэг улс эдийн засгийн өндөр чадамжтай. Энэ боломжоо нээхийн тулд Засгийн газар нь хөдөлмөрийн зах зээл дээр хүйсийн тэгш байдлыг хангах арга хэмжээ авах нь зүйтэй гэв. Улмаар дэлхийн эдийн засаг болон хүйсийн тэгш байдалд Энэтхэг улсын оруулж буй хувь нэмэр 2025 он гэхэд 700 тэрбум ам.долларт хүрэхээс гадна тус улсын ДНБ-ий жилийн өсөлт 1.4 хувиар нэмэгдэнэ гэв. Дэлхийн банкны мэдээллээр, Энэтхэгийн ДНБ 2016 онд 7.1 хувьтай гарчээ.
Хэрвээ Энэтхэгийн Засгийн газар хөдөлмөрийн зах зээл дээр нийгмийн ялгааг арилгах арга хэмжээ авбал 2025 он гэхэд хөдөлмөрийн зах зээл дээр 60 сая энэтхэг эмэгтэйчүүд ажилтай болно. Энэ нь тус улсын ажиллах хүчний чадамжийг 10 хувиар нэмэгдүүлнэ гэв.
Хүйсийн тэгш эрх
Бээжингийн багшийн их сургууль хөдөлмөрийн зах зээлийн судалгааны төв 2016 онд Хятад улс дахь хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн тайланг гаргав. Тус тайлангийн мэдээллээр, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон тэдгээрийн цалин эрчүүдтэй харьцуулахад маш доогуур үзүүлэлттэй гарчээ. 2016 онд Хятад улсын нийт эрчүүд 78 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэв.
Үүний зэрэгцээ, гэртээ хүүхдээ харж байгаа эсвэл өвчтэй, ахмад настай хүмүүсээ асарч айгаа эмэгтэйчүүдэд Хятадын засгийн газар жилд 10 их наяд ам.долларыг төлж байна. Энэ нь Бразил, Энэтхэг, Япон гэсэн гурван улсын ДНБ-тэй тэнцүү хэмжээний мөнгийг ажилгүй иргэддээ олгодог гэсэн үг юм.
Ядууралтай тэмцэх “Oxfam” байгууллага энэ төрлийн тоо баримтыг тайландаа дурдсан байна. Тус тайланд дурдсанаар, хөгжиж буй орны Засгийн газар хөдөлмөрийн зах зээлд хүйсийн тэгш эрхийг хангахад идэвхтэй анхаарах хэрэгтэй гэв.
Олон улсын хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын мэдээллээр, сүүлийн 20 жилд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хүйсийн тэгш бус байдлыг 0.6 хувиар бууруулж чадсан гэв.
Сэтгэлгээ хөдөлмөр эрхлэлтэд саад болж байна
НҮБ эмэгтэй, эрэгтэй хүний хөдөлмөрийн үнэлгээний тэгш бус байдлын тухай тайлан гаргаж байсан ажээ. Тус байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр, дэлхий дээр эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад дунджаар 23 хувиар доогуур цалин авдаг гэв. Энэ нь хөгжиж буй болон эдийн засгийн хөгжилтэй улс оронд ажиглагдсан аж.
Мэрилендын их сургуулийн нийгмийн ухааны профессор Соналде Десаи ярихдаа “Энэтхэгт хүйсийн тэгш бус байдалтай тэмцэхэд маш хэцүү. Ёс заншлаасаа болоод энэтхэг эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх боломжгүй байна гэжээ.
Харин Мумбайн их сургуулийн профессор Нагиндас Сангхави “Энэтхэгт зуун зуун жилээр хэзээ ч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлж байгаагүй” гэв.
Дэлхийн эдийн засгийн чуулганы судалгаагаар, хөдөлмөрийн зах зээл болон цалингийн тэгш бус байдлыг арилгахад 170 жил шаардагдана гэжээ.
Холбоотой мэдээ