НҮБ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг тавьж буй хоригоо чангатгасан энэ үед тус улс дэлхийн томоохон улс оронд суугаа элчин сайдуудаа дуудсан байна.
Хойд Солонгос дипломатуудынхаа дунд уулзалт зохион байгуулахаар болсон гэж БНСУ-ын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
Тус уулзалтад БНАСАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Ли Жэ Рён, ОХУ-д суугаа элчин сайд Ким Хён Жун болон НҮБ-д суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Ча Сон Нам оролцох юм байна.
Рёнхап агентлагийн мэдээлж буйгаар, Хойд Солонгос жил бүр элчин сайдуудын дунд уулзалт зохион байгуулдаг гэв.
Хойд Солонгос Ирактай адилхан хувь заяатай болохгүйн тулд цөмийн зэвсэг, тив алгассан баллистик пуужин бүтээх ажлаа эрчимжүүлж байна.
Хамгийн сүүлд, энэ сарын тавны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгасан. Улмаар тус улсаас нүүрс, төмрийн хүдэр, далайн бүтээгдэхүүн импортлохгүй байхыг дэлхийн улс орнуудад анхааруулсан билээ.
НҮБ-ын энэ үйлдлийг Пхеньян тусгаар тогтнолыг нь хөндсөн хэрэг боллоо гэж үзэж байгаа юм байна.
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ