Монгол өвийн тоогоороо дэлхийд долоод жагсдаг

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

Монгол өвийн тоогоороо дэлхийд долоод жагсдаг

Монгол өвийн тоогоороо дэлхийд долоод жагсдаг

Монгол Улс хамгийн их өв бүртгүүлсэн орнуудын жагсаалтад өвийн тоогоороо дээрээсээ долоод жагсдаг байна. Тиймээс дэлхийн өвд хэрхэн бүртгүүлдэг эсэх, одоогоор хэчнээн соёлын биет болон биет бус өв бүртгүүлээд байгаа талаар Соёлын өвийн төвтэй хамтран мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлснээр устах аюулд орсон өвийн зүйлийн нэн даруй авран хамгаалах арга хэмжээг авч, соёлын өвийн ач холбогдол улам бүр товойн тодорч, соёл хоорондын ойлголцол дээшлэхээс гадна соёлын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрт хамрагдах боломжууд бий болдог тухай мэргэжилтнүүд хэлж байв.

СОЁЛЫН ӨВИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД ТАВАН ЖИЛ ШААРДДАГ

-Дэлхийн улс орнууд ЮНЕСКО-д  соёлын өвөө нэр дэвшүүлэхэд тодорхой шат дамжлаг, бэлтгэл ажил шаарддаг байна. Энэ талаар Соёлын өвийн төвийн  Биет бус соёлын өвийн мэргэжилтэн А.Саруул тайлбарлахдаа “Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхэд тодорхой шат дамжлага, шалгууруудыг тавьдаг. Жишээ нь Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хүрээнд жишээ болгож яръя. Тухайн өвийн зүйл маань орон нутгийн бүртгэлд орсноор үндэсний бүртгэлд шилждэг. Цаашлаад Үндэсний жагсаалтад бүртгэгдсэнээр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвших эрхтэй болдог юм. Манай ард иргэдийн зүгээс Үндэсний Соёлын биет бус өвийн жагсаалтын талаар мэдээлэл багатай байдгаас шалтгаалдаг уу, шууд ЮНЕСКО-д нэр дэвшүүлэн гэсэн хүсэлттэй орж ирэх нь их байдаг. Үндэсний жагсаалтад багтсан өвийн зүйлийг ЮНЕСКО-д нэр дэвших асуудлыг Боловсрол  соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр шийдэж жагсаалт, хугацааг тодорхойлж соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал дэвшүүлдэг” гэсэн юм.

Мөн тухайн өвийн тухай наад захын ойлголтыг өгөхүйц 10-15 минутын танин мэдэхүйн баримтат киног зэрэг нэр дэвшүүлэх хэрэгтэй англи, франц хэлнээ боловсруулж, ЮНЕСКО-гоор дамжуулан олон улсын шинжээчдэд илгээдэг аж.

Ийнхүү соёлын өвөө нэр дэвшүүлж, боловсруулахад дор хаяж 2-3 жилийн хугацаа шаарддаг бөгөөд цаашлаад шинжээчид үнэлгээ, дүгнэлт гаргахад 1-2 жилийн хугацаа ордог байна.

ДЭЛХИЙН ӨВД ТАВАН ӨВ БҮРТГҮҮЛЖЭЭ

-Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай Конвенци”-ийн /1972он/ хүрээнд дэлхийн хосгүй байгаль, соёлын хосгүй гайхамшигт өвийн үнэ цэнийг хамгаалах, хадгалах зорилгоор Дэлхийн өвийн жагсаалтад таван өв бүртгэгдээд байгаа ажээ. Үүнд:

  • “Орхоны Хөндийн соёлын дурсгалт газар” /Соёлын –2004 он/
  • “Увс нуурын ай сав” /Байгалийн –2003 он/
  • “Монгол Алтайн хадны зургууд” /Соёлын –2011 он/
  • “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” /Соёлын – 2015 он/
  • “Монгол Дагурын ландшафт”-ыг ОХУ-тай хамтрач 2017 онд Байгалийн өвөөр бүртгүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд соёлын биет бус өвийн Төлөөллийн болон Яаралтай хамгаалах жагсаалтад 391 өвийн зүйл бүртгэгджээ.

Эдгээрээс Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенци”-ийн хүрээнд Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн жагсаалтад өнөөдрийн байдлаар нийт 13 өв бүртгэгджээ. Үүний зургаа нь Яаралтай хамгаалах, долоо нь Төлөөллийн жагсаалтад багтдаг байна.

Тухайлбал Төлөөллийн жагсаалтад Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг /2008/, Монгол ардын уртын дуу /2008/, Монгол баяр наадам /2010/, Монголын уламжлалт хөөмэйн урлаг /2010/, шувуучлахай /2010/, Монгол гэрийн уламжлалт урлал /2013/, Монгол шагайн харваа /2014/ бүртгэгдсэн байна.

Харин Яаралтай хамгаалах өвийн жагсаалтад Монгол тууль /2009/, Монгол ардын бүжиг /2009/, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг /2009/, Монгол лимбэчдийн урдын дуу хөгжимдөх уламжлалт арга барил, битүү амьсгаа /2011/, ингэнд ботго авахуулах зан үйл /2015/ тус тус бүртгүүлжээ.

Дэлхийн баримтат дурсгал буюу өвийн жагсаалтад Монгол Улсаас Монгол шунхан Данжуур, Эртний хаадын төрт ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч бүртгэлтэй байдаг аж.

МОРИН ХУУР, УРТЫН ДУУГ ХАМТРАН БҮРТГҮҮЛСЭН

-Монгол Улс уртын дуу, морин хуурыг БНХАУ-тай хамтран бүртгүүлсэн байдаг гэдгийг мэргэжилтэн хэлэв. Мөн түүнчлэн шувуучлахуйг дэлхийн 12 улс оронтой хамтран бүртгүүлсэн байдаг байна.

Зарчмын хувьд тухайн үндэстэн угсаатан оршиж буй тохиолдолд соёлын өвийг бусад улс орнуудтай хамтран бүртгүүлэхийг дэмждэг байна. Энэ ч утгаараа ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад маш олон улс орон хамтран өөрийн өвийг бүртгүүлсэн байдаг аж.

МОНГОЛ УЛС ХОЁР ЖИЛД НЭГ ӨВ НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХТЭЙ

-“ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенци 2003 онд батлагдсанаас хойш 2014 оныг хүртэл улс орнууд аливаа хязгаарлалгүй өөрийн өвийн зүйлийг нэх дэвшүүлэх эрхтэй байсан байна. Харин 2013 онд нэг жилд нэг өв, 2015 оноос бусад улс орнуудад тэгш боломж олгох үүднээс их хэмжээний өв бүртгүүлсэн улс орнуудад хоёр жилд нэг өв бүртгүүлэх эрх олгохоор Үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулсан” тухай Соёлын өвийн төвийн  Биет бус соёлын өвийн мэргэжилтэн А.Саруул хэлсэн юм.

Монгол Улсын хувьд хамгийн их өв бүртгүүлсэн орнуудын жагсаалтад өөрийн өвийн тоогоороо дээрээсээ долоод жагсдаг байна. Иймд Монгол Улс хоёр жилд нэг өвөө нэр дэвшүүлэх эрхтэй болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж