Монгол судлал өөрийн гэсэн түүхэн хөгжлийн үе шатыг туулж явна. Тэртээ 1990-ээд онд цар хүрээ нь хумигдаж байсан Монгол судлал өнөөдөр залуу, хойч үеэ бэлдэж эхэллээ. Энэ ажилд Монголын төр засгийн зүгээс анхаарал хандуулахаас гадна төрийн бус байгууллагууд ч гэсэн идэвх санаачилгатай оролцож байна. Үүний нэг тод жишээ бол “Элбэгдорж хүрээлэн”-гээс зохион байгуулж буй “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр” юм.
Хөтөлбөрт ОХУ, АНУ, Япон, БНСУ, Швейцарь, Энэтхэг, Польш зэрэг долоон улсын есөн залуучууд тэнцсэн. Тэд энэ сарын 7-16-ны өдрийг хүртэл Монголын хэл, түүх, соёл, зан заншил, Монгол ахуйтай танилцаж байна.
Гадаадын залуу судлаачдад судалгаа хийх боломжийг олгох нь Монгол судлалын цар хүрээг өргөжүүлэхэд нэн ач холбогдолтой гэдгийг монгол эрдэмтэд онцолж байна.
Долоон улсын есөн залуучууд энэ сарын 10-наас 13-ны хооронд монгол ахуйтай танилцах аялалдаа гарсан юм. Тэд Төв аймгийн Борнуур суманд байрласан бөгөөд тэнд 20 гаруй жил амьдарч буй н.Жанцалням болон түүний гэргий н.Пүрэвсүрэнтэй бүтэн гурван өдрийг хамт өнгөрүүлжээ. Гэрийн эзэн н.Жанцалням ирээдүйн Монгол судлаачдад морь унах арга ухаан, ёсыг зааж сургасан юм.
Гадаадын оюутнууд дундаас хамгийн сайн морь унаж байсан нь солонгосын оюутнууд байлаа. Тэд Монголд хоёр дахь жилдээ хүрэлцэн ирсэн бөгөөд өмнө нь морин тойруулгын газарт ажиллаж байсан гэдгээ бидэнд ярьсан юм.
Харин гэрийн эзэгтэй Пүрэвсүрэн үнээ, ямаа саах, цагаан идээ хийх аргачлалыг заав. Үүний дараагаар, ирээдүйн Монгол судлаачид малчин айлын өдөр тутамдаа хийдэг ажлыг хийж гурван өдрийг өнгөрүүллээ. Тэд малын бууц цэвэрлэж, өрөм, тараг, ааруул, бяслаг зэрэг цагаан идээг өөрсдөө хийсэн юм.
Малын бууцыг өдөр тутам цэвэрлэх нь малыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна саахалт айлдаа ч үлгэр жишээ болдог гэдгийг гэрийн эзэгтэй тайлбарлаж байв.
Харин үнээ, ямаа саахыг их хүч шаардагдсан, хэцүү ажил биш гээд хамгийн гол эвийг нь олох нь чухал гэдгийг гэрийн эзэгтэй тайлбарлаж өгнө лээ. Гэхдээ залуу судлаачдын хувьд энэ бүхэн өмнө нь огт харж байгаагүй шинэ, хэцүүхэн ажил.
Ирээдүйн Монгол судлаачид дундаас хамгийн сайн үнээ саасан нь АНУ-ын Хавай мужаас ирсэн оюутан Таниа Харрисон байлаа. Хэдийгээр тэр монгол хэл сайн мэдэхгүй ч маш их идэвх зүтгэл гаргаж, монгол ахуй, хэл соёлыг судлаж байгаа нь ажиглагдаж байсан юм.
Харин Швейцарийн оюутан Ив Тракселийн хувьд эх нутагтаа мал дээр өссөн учир үнээ саах, малын бууц цэвэрлэх нь тийм ч хэцүү ажил биш байсан гэв. Мал дээр өссөн түүний хувьд, Монгол ахуйн зарим нэг хэсэг Швейцарьтай төстэй гэдгийг онцлов.
Цагаан идээ тэр дундаа ааруул хийх аргачлал нь маш нарийн гэнэ. Ааруул хийхэд хамгийн их анхаарах зүйл нь цаг агаар. Нартай, халуун өдөр чихэртэй ааруул хийдэггүй гэнэ. Учир нь энэ өдөр хийсэн ааруул харлаж хатдагаас гадна чихрийн амт нь үгүй болчихдог. Иймээс хавар намрын улиралд чихэртэй ааруул хийдэг гэж гэрийн эзэгтэй Пүрэвсүрэн хэлэв.
Энэтхэг улсаас ирсэн оюутан Сандхя Мишра тараг хийх байгаа үйл явцыг энэтхэгийн уламжлалтай төстэй байгааг онцолж байв.
Энэ мэтчилэн ирээдүйн Монгол судлаачид бүтэн гурван өдрийг Төв аймгийн Борнуур сумын малчин н. Жанцалням гуайнд өнгөрүүллээ. Тэдний хөдөө нутагт өнгөрүүлсэн богино хэмжээний видео бичлэгийг NEWS агентлаг тун удахгүй хүргэх болно.
Холбоотой мэдээ