Эрх баригчид ажлаа хийе

Хуучирсан мэдээ: 2017.08.14-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчид ажлаа хийе

Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн шалтгаан нь ердөө л хэрэлдэж маргалдалгүй, асуудлыг шуурхай шийдвэрлэж, амласан шигээ улс орноо, тэр дундаа иргэдийнхээ амьжиргааг дээшлүүл байсан. Харин МАН засаг авснаасаа хойш өмнөх засаг юу ч үгүй сэгсэрчихсэн, өрнөөс өөр юм үлдээгээгүй гэхчлэн мэдээлэл хийж, түүнийгээ батлах гэж хэт улайрснаас болоод Сангийн сайд нь дампуурлын ирмэгт тулсан гэж зарласнаар бондынх нь хувьцаа нэгхэн өдрийн дотор навс унаж байв. Тухайн үед хашир эдийн засагчид навс унасан дээр нь эргэж бондоо худалдан авч, төлөх мөнгөө хоёр дахин багасгах мэргэн санаа олж байсан ч бодсон шиг нь мэргэн алхам хийгдээгүй билээ. Бүсээ чангалахаас өөр арга байхгүйг эрх баригчид учирласан. Төсвийн зардлыг танаж, иргэдийнхээ бүсийг чангалахаа мэдэгдсэн ч дэд сайдаас эхлээд төсөвт дарамт болж буй төдийлөн хэрэгцээгүй албан тушаалуудаа танаагүй. Гэсэн атлаа татвар нэмсэн. Он гарсаар тансаг хэрэглээний жийп өндөр үнээр авсан гээд бишгүй бухимдуулав.

Өнөөдөр МАН-ын ажилд саад учруулахаар сөрөг хүчин алга. Ерөнхийлөгчийн сонгууль гэж бас л багагүй популизм хийж, зарим татварын хэрэгжих хугацааг хойшлуулан, аргацаах бодлого барьж ирэв. Хэдийгээр асуудал болгоныг бярдаж байсан ч бухимдсан иргэд хариуг нь Ерөнхийлөгчийн сонгуулиар барилаа. Гэлээ гээд МАН-д асуудлыг өөрсдийн суудлын тоогоороо туушиндах эрх мэдэл нь хэвээр бий.

Гэвч өнөөдөр МАН Ардчилсан намын алдааг давтахаар зэхэж байна. Хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд бүх зүйл хоолойгоор давсан энэ өдрүүдэд өөр хоорондоо суудлын нанчилдаанаа эхлүүлжээ. Засгийн газрын хуралдаан нь сайд нар эзгүй шалтгаанаар хойшлох болов. Хамгийн их гар нийлж ажиллах ёстой Ерөнхий сайд, Шадар сайд нар хэвлэлээр маргалдаж, биенээ мөрдүүлсэн, мөрдүүлээгүйг шалгаж өгнө үү гэхчилэн хоёр тийш харж сууна. Нарийндаа биесээ мөрдүүлж, мөшгүүлсэндээ ч бус албан тушаалын төлөөх явцуурхал л ил болж буй хэрэг.

Аль ч төвшинд харсан МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор аяга, халбагаа нүдэж байна. Ингэхдээ “хариуцлага тооцох” гэх ганцхан үгээр бамбай хийж буй. Харин албан тушаалтнууд нь шуурганд хэрхэн тогтож үлдэх вэ гэдгээ л бодож суух шиг. Нам доторх эрх мэдлийн хуваарилалтын энэ их улайрлаас болоод улс орны ажил цалгардахад хүрчээ.

Валютын ханш өдрөөс өдөрт чангарсаар байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ч бага багаар нэмэгдсээр буй. Иргэдийн худалдан авах чадвар улам л муудаж байна. Аж ахуйн нэгжүүд аргаа барахдаа ажилчдадаа цалингүй амралт өгчээ. Ийм л бүрхэг дүр зураг харагдаад байтал эрх баригчид хоорондоо толхилцсоор. Мөнөөх фракцгүй, цул, цутгамал гэж өөрсдийгөө бахархдаг нам олон толгойтой могой шиг, нэг нь нөгөөгөө хэмлэж байна.

Ингэхдээ байж болох бүх хувилбараар үзэлцэж, булайгаа дэлгэх нь наахнуур явна. Улс орны амин чухал асуудал ар араасаа хэцүүдэж буй энэ үед нам гэх жижигхэн эрх ашгаа хойш тавиад, төрийн ажлаа хийсэн шиг хийхийг иргэд хүсэх нь мэдээж.

Улс орны эрх ашиг ямар чухал вэ гэдгийг өнгөрсөн долоо хоногийн Японы засгийн газрын огцорч, хоёрхон цагийн дараа дараагийн Засгийн газрын бүтцийг баталсан шийдвэр бэлхнээ харуулна. Манайх шиг албан тушаалын наймаа, хуваарилалт хийдэггүй болохоор өөрсдөө ухамсраараа огцорч, дараагийнхыг бүрдүүлж байна.

Тиймээс л эрх баригчдыг элдэв жижиг, сажиг асуудлаасаа ангижирч ажлаа хийе гэж уриалах байна. Чихэн дээр цэцэг ургуулсан шиг нүдэнд харагдаж, гарт баригдах бодит үр дүнг л та бүхнээс олон нийт шаардаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж