Намрын эхэн сартай зэрэгцээд нийслэлд түрээсийн бизнес цэцэглэдэг. Хот газрын сийрэг ухаантнууд мөнгө олох гэж юү эсийг санаачилдаг билээ. Намар цагт хаврын шувууд шиг хот руу чуулдаг оюутнуудад чиглэсэн бизнес илүүтэй цэцэглэдэг. Тэр дундаа байр орон сууц, нийтийн байрны түрээс хамгаас илүү ашиг орлоготой бизнес болдог билээ. Улаанбаатар хотод 100 гаруй мянган оюутан суралцаж байгаагийн дийлэнх олонх нь оюутны байрны барианд орж чадахгүй хоцордогоос үүдэн энэ бизнес цэцэглэсэн. Байр, орон сууцны түрээс жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд хажуу өрөөний түрээс л гэхэд багадаа 180-200 мянган төгрөг, дээгүүр зэрэглэлийн хороололд бол 300-350 мянган төгрөгийн үнэ ханштай болжээ. Харин нэг өрөө байрны түрээс байршлаас хамаараад 250-350 мянга, хоёр өрөөг 350-500 мянга, гурван өрөө орон сууцыг 500-850 мянган төгрөгөөр хөлслүүлж байна. Хотын төвд байрлалтай, тавилгатай бол энэ ханш дахиад нэмэгдэнэ. Төвөөс алслагдмал 21 дүгээр хороолол орчимд бага зэрэг бууруулдаг. Бүр хямд байр хөлсөлье гэвэл орон сууцны хонгилын өрөө юм уу нийтийн орон сууц л хайхаас аргагүйд хүрнэ.
Жил жилийн намарт гэрээ машиндаа ачаад нийслэлд ирж өвөлждөг айлууд цөөнгүй. Тэд хашаа хөлслөн амьдардаг. Хоёроос дээш хүүхэд нь их дээд сургууль юм уу дунд сургуульд суралцаж буй хөдөөгийн гэр бүлийнхнийг өвлийн цагт хотод ирж ичдэг гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тэд өвөл цагийн утааны багагүй хувийг “үйлдвэрлэдэг”. Харин хотынхон шиг утаа, яндан, машин тэрэгний татвар мөнгө төлөхгүй. Гэрээ ачиж ирэхгүй ч хашаа байшимн түрээслэгчид мөн цөөнгүй. Хотын захад гэр хорооллын дулаалгатай гэр 60-100 мянган төгрөгийн ханштай. Хоосон хашаа түрээслэхэд сард 25-30 мянгыг төлөх болно.
Аль ч тохиолдолд түрээслүүлэгч давуу эрх эдэлдэг онцлогтой. Олонх түрээслүүлэгч гаж буруу зуршилгүй, архи уудаггүй,тамхи татдаггүй (ялангуяа орон сууцныхан) болж өгвөл хүүхэдгүй, ганц бие хүмүүст байр, хашаа байшингаа хөлслүүлэхийг хүсдэг. Хөдөөний эвдрээгүй охид, бүсгүйчүүд, залууст байраа хөлслүүлэх нь илүү амар гэсэн бодолтнууд цөөнгүй.
Дээр нь төлбөр төлөх нөхцлийг харилцан тохиролцох ямар ч боломжгүй. Түрээслүүлэгчийн болзол ямар ч хуулиас хатуу. Наймдугаар сарын дунд үеэс цэцэглэдэг түрээсийн бизнес өвлийн хүйтэн дөхөх тусам улам л гаарна уу гэхээс буурахгүй. Түрээс тойрсон олон асуудлыг шийдэх хууль эрхзүйн орчин үгүйлэгдсэн хэвээр байна.
Д.Цээнэ
Холбоотой мэдээ