Гэрэл зурагчид үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Гэрэл зурагчид үзэсгэлэнгээ дэлгэнэ

Улс төр, нийгэм, эдийн засгийн фото мэдээллийн www.INET.mn веб сайтаас эрхлэн  “Press photo-2010” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр зургийн галлерейд нээж байна. Үзэсгэлэнд өнгөрсөн онд улс орны хэмжээнд болсон нийгэм, улс төрийн томоохон үйл явдлуудын тухай мэргэжлийн гэрэл зурагчдын авсан 100 гаруй бүтээлийг дэлгэн тавих аж. Энэ үзэсгэлэнгээс үзэгч  та бүхэн дөнгөж саяхан мэт санагдавч, цагийн эргэлтэд саарч бүдгэрч мэдэх чухал үйл явдлуудын тухай гэрэл зурагчдын хурц хараа, торгон мэдрэмж, хүчит дурангийн тусламжтайгаар бүтсэн өнгө гэрлийн гайхамшигт бүтээлийг үзэх болно.
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, парламентад үг хэлэв, Монгол Улсын Засгийн газар анх удаагаа говьд хуралдаж, цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв, Холливудын нэрт жүжигчин Чаки Чан манайд айлчлав, Чөлөөт бөхийн аварга цолыг монгол охин хүртэв, МАХН нэрээ сольж МАН болов гэх мэт түүхэн торгон агшинг www.INEТ.mn сайтын гэрэл зурагчид болон манай сайтад гишүүнчлэлтэй бусад шилдэг гэрэл зурагчид хальснаа хэрхэн буулгасныг энэ үзэсгэлэнгээс үзээрэй.
“Press photo-2010” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюу толгой” компани, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол ньюс” групп, МҮОНТ, “25 дугаар суваг” телевиз, гэрэл зургийн “Фотолинк” агенлаг тус тус оролцож байна. Дашрамд дурдахад, www.INET.mn сайт нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн томоохон сайтуудын нэг бөгөөд Монголын мэргэжлийн төдийгүй сонирхогчдын гэрэд зурагчдыг нэгтгэж, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой ажилладаг билээ.

“Press photo-2010” гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдах зургийн товчоос
·    Монгол Улсын Ерөнхийлөгч цусаа өглөө.
·    Хүн ам, орон сууцны тооллого болов.
·    Иргэний шинэчилсэн бүртгэл эхлэв.
·    Ц.Жаргалсайханыг эх орноосоо урвасан гэж үзэв.
·    Чаки Чан Монголд зочиллоо.
·    Сансрын хиймэл дагуулийн хэлтэрхий Монгол Улсын нутаг дэвсгэрт унав.
·    “Оюу толгой” компани оюутнуудад сургалтын төлбөр олгов.
·    Монгол Улсын Засгийн газар говьд хуралдав.
·    Нийслэл хотыг камержуулав.
·    Сүхбаатарын талбайгаас интернэтэд холбогддог боллоо.
·     “Монгол-999” үндэсний компани байгуулагдав.
·    Спортын шинэ ордны нээлт боллоо.
·    Ардчилсан нам байраа нурааж, МАН нам байраа барив.
·    Сүхбаатарын хөшөөг буулгав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж