Дэлхийн цагдаагийн олимпийн их наадам АНУ-ын Лос Анжелес хотноо явагдаж байна. Энэхүү олимпод Цагдаагийн Ерөнхий Газрын ‘Хүч’ спорт хороо болон Хууль Зүйн Яамны харъяа Хууль Сахиулахын Их сургуулийн баг тамирчин 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Дэлхийн 95 улсын 10 гаруй мянган тамирчин спортын 60 төрлөөр өрсөлдөж буй энэ наадмаас ‘Хүч’ спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-ын жинд сонгомол чөлөөт бөхийн төрлөөр барилдаж, хүрэл медаль хүртлээ.
Мөн дугуйн спортын төрөлд ОБЕГ-ын ‘Аврагч Спорт Хороо’-ны тамирчин, ОУХМ Э.Алтан-очир хол, ойрын зайнд уралдаж алт, хүрэл медаль хүртэж, Дэлхийн цагдаагийн олимпийн их наадмын хос медальтан болж байна.
ОБЕГ-ын ‘Аврагч Спорт Хороо’-ны тамирчин, ОУХМ Э.Алтан-очир нь: Өвөрхангай аймгийн уугуул, 22 настай, дугуйн спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Тэрээр олон улсын чанартай спортын 20 гаруй тэмцээн уралдаанд улс эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бөгөөд энэ удаад ийнхүү дугуйн төрлөөр хос медаль хүртсэн анхны эрэгтэй тамирчин боллоо.
Сануулахад өнгөрсөн 2015 онд зохион байгуулагдсан Дэлхийн Цагдаагийн олимпоос манай улс дугуйн төрлөөр хос алтан медаль хүртэж байсан удаатай. Тодруулбал, Ази тивийн аварга, цагдаагийн дэслэгч Түвшинжаргалын Энхжаргал тус олимпын дугуйн төрлөөр гурван хос алтан медаль хүртсэн билээ.
Т.НОМИН