-Юуны өмнө баяр хүргэе. Уншигчдад маань зориулж энэ олон улсын кино төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж өгөөч?
Б.Ч:Их хотуудын хайр гэсэн “Cities of Love” гэх кино олон улсын кино төсөл юм. Энэ төслийг анх Эмануэль гэдэг Францын продюсер 2006 онд “Парис, би чамд хайртай” киногоороо эхэлсэн. Энэ кино нь олон улсын кино наадмуудаас өндөр үнэлгээ авснаар “Нью-Йорк, би чамд хайртай” киног хийж, энэ цаашлаад сүлжээ болж, Москва, Рио хотуудад хийсэн байгаа юм. Одоогоор Шанхайд хийж байгаа бөгөөд хоёр жилийн дараа “Сөүл, би чамд хайртай” киног хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Иймд бид энэ төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа Францын продюсер Эмануэльтэй холбогдож хэлсэн. Бидний саналыг хүлээн авч албан ёсоор “Улаанбаатар би чамд хайртай” киног хийх эрхээ аваад байгаа юм. Энэ кино нь цаашид олон улсын кино наадмуудад өрсөлдөх юм.
-Яагаад заавал энэ төсөлд, энэ сэдвээр кино хийх болов?
Д.А:Монголын кино урлаг үнэхээр сайн хөгжиж байна. Гэтэл энэ хөгжил чинь гадагшаа гарахгүй. Монголдоо нээлтээ хийгээд л орон нутгаараа киногоо гаргаад тогоон дотроо эргэлдээд байгаа юм. Чингүүн Ангараг хоёр Монголын кино урлагийн залуу төлөөлөл. Бид энэ бүхнийг зоригтойгоор барьж авч, олон улсын “Хот би чамд хайртай” төслийг хийе гэж шийдсэн. Энэ бол ашгийн Монголын кино урлагаа дэлхийн зах зээлд гаргахад нэг алхмаар ахиулах гэсэн алхам. Тиймээс энэ төслийг зоригтой барьж авлаа. Гэхдээ их урт замыг туулж байна. Бүх киног нь эх хэл дээр нь үзлээ, дараа нь монгол хэлээр орчуулж бас нэг үзлээ. Ер нь бол биднийг анх санал тавихад Монгол гээд нэг их ойшоогүй л дээ, “Та бүхэн хийсэн уран бүтээлээ үзүүлээч” гэсэн саналыг бидэнд тавьсан. Манай Б.Чингүүн өмнө нь “Анхны болзоо”, “Цэцэг”, “Соло” зэрэг богино хэмжээний кино хийсэн. Энэ бүтээлээ продюсер Эмануэль руу явуулсан. Тэр хүн үзээд их өндөр сэтгэгдэлтэй байсан. Тэгээд бидэнд энэ киног хийх эрхийг нь албан ёсоор өгсөн юм. Биднийг хийсэн бүтээлээ Эмануэль руу явуулсан чинь хариу и-мэйл ирсэн байсан. “Уран бүтээлийг чинь үзлээ, чамлахааргүй бүтээл хийсэн байна. Анх хүлээж авахгүй гэсэнд уучлаарай, бүгдээрээ албан ёсоор хамтарч ажиллая. Яг одоогоор би “Шанхай, би чамд хайртай” киног хийж байна, Шанхайд байгаа учир та нар өөрсдөө “Улаанбаатар би чамд хайртай” киног хийгээрэй. Би өөрийнхөө албан ёсны эрхийг та нарт өгч байна” гэж бичсэн байсан. Ерөнхийдөө зураг авалтын үед Монголд ирэх байх. Мөн эвлүүлгийн үеэр ирж нээлтэд оролцоно.
-Энэ кинон дээр арван найруулагч ажиллана гэж сонссон?
-Тийм ээ, “Улаанбаатар, би чамд хайртай” кинонд Монголын шилдэг арван найруулагч ажиллана. Өмнө нь манайд нэг кинонд арван найруулагч ажиллаж байсан тохиолдол байхгүй. Монголын шилдэг арван найруулагч, шилдэг таван хөгжмийн зохиолч, шилдэг таван зохиолч ажиллаж байгаагаараа онцлог.
-Ямар ямар найруулагч энэ төсөлд оролцох вэ?
Б.Ч:-Одоогоор бид арван найруулагчаа сонгоогүй байгаа. Дөрвөн найруулагч нь тодорсон байна. Зохион байгуулагчийн багаас гурван найруулагч, миний бие Жаргалсайхан, Бат-Амгалан, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч оролцож байгаа. Бусад найруулагчдыг бид шийдэж, сонгохгүй. Учир нь Францын продюсер сонгох юм. Харин бид сонгоход нь туслах юм. Бид Монголын кино урлагийн тогоонд хамт чанагдаж байгаагийн хувьд хэн сайн, хэн муу гэдгийг тодорхой хэмжээгээр мэдэх учир тэр хүнд туслах юм.
-Францын продюсер ямар шалгуураар бусад найруулагчдыг сонгож байгаа вэ?
-Францаас бидэнд тавьж байгаа шаардлага нь найруулагч нь доод тал нь нэг уран сайхны кино хийсэн байх, мөн жүжигчдэд мэргэжлийн гэх шаардлагыг тавьж байгаа. Тэгээд хийсэн киног үзэж танилцаад сонгонон. Харин киноны дундуур заавал нэг удаа “Улаанбаатар, би чамд хайртай” гэж хэлэх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа. Энэ нь аль ч найруулагчийн кинонд гарч болно. Энэ нь бусад Франц, Нью-Йорк, Москва би чамд хайртай кинонд тавигдаж байсан шаардлагууд юм.
-Арван найруулагч тус бүр өөр, өөрийн арга барилаар нэг нэг богино хэмжээний кино хийнэ гэсэн үг үү?
Б.Ч:- Энэ нь богино хэмжээний кинон дээр нийлсэн уран сайхны кино гэсэн үг. Энэ кино нь юугаараа онцлог вэ гэхээр Парисын тухай кино үзэх бол “Парис, би чамд хайртай” киног үзэх жишээтэй. Үүнтэй адил бусад гадаадын хүмүүс Улаанбаатар хотын тухай киног үзэх бол “Улаанбаатар, би чамд хайртай”-г үзэх юм. Энэ киногоороо бид нийгэмдээ гэрэл гэгээтэй зүйлийг авчрах юм. Бидний өдөр тутмын стресс бухимдал болдог замын бөглөө байгаа ч түүний хажуугаар сайныг нь харуулах, бид нэг нэгэндээ зам тавьж өгөх, хар бараан зүйлгүй гэгээлэг кино болох юм.
-Саяхан гэхэд Дуурийн театрт Германы нэртэй удирдаач ирээд Монголд ийм театр байдаг гэж мэдээгүй ярьж байсан. Энэ магадгүй Монголын, Улаанбаатар хотын талаар мэдээлэл байдаггүйгээс болдог байх?
Д.А:Тийм байхгүй юу. Тэд чинь Улаанбаатар, Монгол гэхээр дандаа л нэг хөөрхөн цагаан гэр, морь, таван хошуу малаар төсөөлдөг байхгүй юу. Тэрийг өөрчилж Улаанбаатар хот гэдэг чинь дэлхийн том том хотуудтай энэ тэнцэхүйц хөгжилтэй хот гэдийг харуулах нь чухал. Тийм биз дээ, тэдний унадаг машиныг унаж яваа олон залуус бий. Хэн ч онцгүй, муу зүйл хэрэглэхийг хүсэхгүй ш дээ. Тэгэхээр чинь манай Улаанбаатар хот чинь их том соёлтой хот байхгүй юу. Гадныхны тэр өрөөсгөл бодлыг “Улаанбаатар, би чамд” хайртай киногоороо өөрчлөх хэрэгтэй байгаа юм.
Б.Ч: Хүмүүс Монголын талаар янз бүрийн кино хийдэг. “Ингэний нулимс” гээд гадаадынхантай, хамтран хийсэн кино байдаг ч хөдөө тал нутгаа харуулсан. Энэ удаад би хотынхоо хөгжлийг, хотоо танилцуулъя гэж бодсон. Гол давуу тал нь дотооддоо хэн ч Улаанбаатар хотын талаар кино хийж үлдэж болно. Гэхдээ энэ төсөл маань олон улсын төсөл гэдэг утгаараа Герман юм уу хаана ч хүрэх боломжтой болж байгаа юм. Тэр утгаараа Шанхай, Сөүлийн хотын захиргаа маш их ач холбогдол өгч энэ кинонд оролцдог юм билээ. Яагаад гэхээр энэ кино нь гадаадад тухайн орны нэрийн хуудас болдогт оршиж байгаа юм.
-Мэдээж олон улсад гаргах учир, киног өндөр төвшинд хийх ёстой байх аа?
Д.А:Чанарыг дагаад амжилт ирдэг. Үүнийг дагаад бид киногоо хийхдээ техник технологийн тал дээр дэлхийн стандартад нийцэх бүтээл хийхийг зорьж байна. Тэр ч утгаараа бид техник технологио бүгдийг нь Хятадаас захиалчилсан байгаа. Red One гээд камер байгаа. Тэр камераар “Аравт”, “Татар ажиллагаа” гээд хоёр л кино зураг авсан. Тиймээс бид олон улсын төвшинд нийцэхүйц, стандартад тохирох бүтээл хийж байж олон улсад гарна. Парис, Москва, Рио, Нью-Йорк би чамд хайртай гээд кино үзэгчдийн хүртээл болчихсон, одоо ямар хотынх бол гэсэн үзэгчдийн хүлээлт үүсээд байна л даа. “Улаанбаатар, би чамд хайртай” гээд гарахад хүн болгон үзнэ. Өө нөгөө “Парис, би чамд хайртай”, “Нью-Йорк, би чамд хайртай”-гийн нөгөө хэсэг байна. Улаанбаатарт хийчихсэн байна гэх байхгүй юу. Тэгэхээр бид чанарын өндөр төвшинд хийх хэрэгтэй. Монголд бол зураг авалт, эхний эвлүүлэг хийнэ. Бусад бүх ажлыг Хятадад хийнэ. Хятадад гэхээр хүмүүс буруу ойлгож магадгүй, бид Хятадын техник технологийг түрээсэлж байгаа юм. Түүнээс биш Хятад хүмүүс хийнэ гэсэн үг биш шүү.
-Одоо бол эрхээ авчихсан гэж байна, гэрээгээ хийчихсэн хэрэг үү?
Д.А: Хийгдэж байгаа. Хамгийн гол нь энэ киноны нэр их чухал. Бид нэрийг нь хулгайлаад “Улаанбаатар, би чамд хайртай” гээд кино хийгээд гаргаж болно. Тэгэхээр Монголдоо л үлдэнэ. Тиймээс бид үүнийг хийх ёстой юм байна. Гэхдээ албан ёсны дагуу эрхийг нь аваад хийх хэрэгтэй гэж бодсон. Одоо бид гэрээгээ хийж байгаа. Бидэнд 27 хуудас бүхий гэрээ ирсэн. Албан ёсны орчуулагчаар орчуулуулж байна. Бүгдийг зохиогчын эрхийн дагуу, албан ёсны болгож л хийж байгаа юм. “Улаанбаатар, би чамд хайртай” гэдэг киноны нэрийг оюуны өмчийн газраар баталгаажуулаад “Улаанбаатар, би чамд хайртай” төрийн бус байгууллага байгуулаад ганц киногоор зогсохгүй олон зүйл хийхээр төлөвлөж байна.
-Кинонд таван хөгжмийн зохиолч ажиллана гэсэн, нэр нь тодорсон уу?
Д.А: Хөгжмийн зохиолчийн хувьд Л.Балхжав ах, Б.Долгион ах, төгөлдөр хуурч Пүүжээ ах, Н.Жанцанноров ах, “A Sound”-ийн Пүрэвсүх байна. Яагаад Пүрэвсүхийг сонгосон бэ гэхээр “Дэв” уран сайхны киноны бүх л хөгжмийг хамтлагтайгаа болон симфонитой бичсэн. Энэ нь маш амжилттай болсон. Тиймээс бид Пүрэвсүхтэй хамтран ажиллахаар болсон. Мөн бид төслийнхөө хүрээнд “Улаанбаатар, би чамд хайртай” гэх бүх оддын дуулсан дуу хийлгэхээр ярьж байгаа гээд нэг ёсны хөдөлгөөн, төсөл хэрэгжээд байна. Кино бол эхний үе шат нь, үүний дараа олон зүйлийг хийнэ.
-Төслийн явц нь ямар байна?
Б.Ч:Бидний дээр нэг хаан байгаа. Тэр нь Эмануэль. Францын продюсер, төслийн санаачлагч. Тэр хүн сүлжээгээ үүсгээд тухайн орны гүйцэтгэгч хүмүүсийг сонгодог. Манайд бол “Creative art” групп. Энэ групп Ангараг, Жаргалсайхан, Бат-Амгалан, Отгонбаатар, би гээд таван хүнийн бүрэлдэхүүнтэй. Бид киноны постер зураг авалт, маркетинг гээд бүгдийг нь хариуцна. Сонгогдсон шилдэг арван найруулагчид сэдвийг нь таницуулна. Харин найруулагчид өөр өөрсдийн нүдээр ур чадвараар киногоо амилуулах юм. Ямар ч маягаар найруулж болно, дуртай жүжигчнээ сонгоно.
Д.А: Гэхдээ жүжигчин давхцаж болохгүй. Чингүүний кинонд тоглосон жүжигчин Жигжигдсүрэн найруулагчын кинонд тоглохгүй. Уг нь бол бид бүх л чадвартай найруулагчаа энэ кинонд оруулмаар байгаа. Гэвч энэ бидний асуудал биш.
-Ингэхэд санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна, компаниудтай гэрээ хийсэн үү?
Д.А: Хамтарч ажиллах компаниуд байна л даа. Гэхдээ бид олон компани байлгамааргүй байгаа юм. Ерөөсөө л дорвитой таван компани байхад болж байгаа. Дээрээс нь энэ төслийг хэрэгжүүлэхэд Хотын захиргаа маш их ач холбогдол өгдөг юм билээ. “Шанхай, би чамд хайртай”-г хийхэд Шанхай хотын захиргаа бүх зүйлийг нь ивээн тэтгэж байх жишээтэй. Яагаад хотын захиргаа ач холбогдол өгдгийг дээр хэлсэн. Иймд бид ч гэсэн Хотын захиргаатай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Бид нэг хүнийг дурсмаар байна. “Nomads”-ын М.Есөнмөнх захирал. Бид энэ хүнийг продюсер гэдэг. Маш сайн продюсер, сая гэхэд “Татар ажиллагаа”-г хийсэн. Энэ кинонд Оросын нэртэй жүжигчинг тоглуулсан, энэ чинь маш их мөнгө ш үүдээ. Үүнийг зориглоод Монголынхоо кино урлагийг дэлхийн төвшинд байх ёстой гэдгийг тэр хүн ойлгочихсон л байгаа байхгүй юу. Ер нь бол Монголын кино урлаг дэлхийд гарч чадахгүй байгаа нь хөрөнгө мөнгөнөөс болж байгаа гэж би бодож байна.
-Ингэхэд арван найруулагчийн хийсэн богино хэмжээний киног яаж нэгтгэх вэ, ерөнхий найруулагч нь хэн бэ?
Д.А: Энэ их сонин. Манай кинонд ерөнхий найруулагч гэж байхгүй ш дээ. Харин оронд нь шилжилтийн найруулагч гэж байгаа. Энэ хүн бол алтан шугамыг баримталж явах үүрэгтэй. Манай киноны шилжилтийн найруулагчаар Б.Чингүүн ажиллана. Б.Чингүүн өөрийнхөө шорт фильмийг хийнэ, дээрээс нь арван найруулагчийнхаа бүх бүтээлийг нэг шугаманд оруулах юм.
-Арван найруулагчид өгөх сэдвээ гаргасан уу?
-Сэдвээ гаргаад ярилцаад л явж байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу хэрэгжээд л байна.
-Кино зураг авалтаа хэзээ эхлэх вэ?
Д.А: Бид зураг авалт хийхийг нэг их яарахгүй байна. Учир нь зураг авах бол амархан. Харин зураг авалтын өмнөх ажил их байна. Бүгдийн нарийн төлөвлөж тооцоолох хэрэгтэй. Тиймээс төлөвлөгөөний дагуу л явж байна даа.
М.Дөлгөөн