ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар салбарын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮ-ийн салбарт ажиллаж буй анхан дунд шатны мэргэжилтнүүдэд хүргэх,ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийг бүсчлэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Зүүн бүсийн аймгуудын ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адрага суманд эхэллээ/2017.08.11/. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцов.
Сургалтад Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 200 гаруй анхан дунд шатны мэргэжилтнүүд оролцож байна.
Сургалт зөвлөгөөний үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрээр ‘Салбарын бодлого зорилтыг орон нутагт сурталчлах,цаашид Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үр дүнтэй бодитой хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлыг хамтдаа зөвлөлдөж, ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагааны зорилго оршиж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан оновчтой бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ, ‘Мах сүүний анхдугаар аян’, ‘Үйлдвэржилт 21:100’, ‘Жимс жимсгэнэ’, ‘Ноолуур’ болон малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна’ гэдгийг онцлов.
Сургалт зөвлөгөөн маргааш ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газрын хамтарсан гамшгийн үеийн бэлэн байдлын үзүүлэх сургалтаар үргэлжилнэ.
Эх сурвалж: ХХААХҮЯ