Монгол Улс Вьетнам улс руу ямааны мах экспортлохоор болсон тухай яриа гарснаас хойш өвөл өнгөрч, намар залгажээ. Гэвч өнөөх ямааны махнаас нэг тонн нь ч экспортод гардаггүй. Малаа зарж борлуулахын түүс болсон малчид чих тавин хүлээх ч дахиад л хүлээх болж байна.
Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 8-10-ний өдрүүдэд болж, зарим тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, хоёр тал Хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг тохиролцлоо. Ингэснээр 2017-2018 онд эхний ээлжинд туршилтын журмаар Монголоос 200 тонн гүн хөлдөөсөн ямааны мах, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бусад бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх болж буй юм.
Гэхдээ яг хэзээнээс ямааны мах экспортод гаргах вэ гэдэг тодорхойгүй ч энэ ондоо багтах болов уу гэсэн хүлээлт байна.
Монгол Улсын мал сүргийн тоо 70 сая толгойд хүрсэн. Үүний 25 сая гаруй толгойг зөвхөн ямаан сүрэг эзэлдэг.
Бэлчээр ихээр талхалдаг гэж ад үзэгддэг ч жил бүрийн хавраар ноолуурынх нь үр шимээр малчид зээлээ төлж, гурил, будаагаа авч, нүүдэл суудал хийх боломжтой болдог учраас амьдралыг нь залгуулдаг гол баялаг гэж хэлж болно. Иймээс ч жил ирэх тусам тоо толгой нь хурдацтай өсөж байгаа. Экспортод гаргадаг болсноор малчид орлоготой болох нэг сувагтай болно.
Ямааны мах нь сэрүүн чанарын махан бүтээгдэхүүнд хамаардаг тул халуун орнуудад хүнсэнд хэрэглэхэд хамгийн тохиромжтойд тооцогддог байна. Харин монголчууд хүнсэндээ ямааны махыг хэрэглэх нь бага. Ихэвчлэн зуны улиралд хэрэглэдэг.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд Орос, Хятад зэрэг орнууд руу мах экспортолж байсан ч түүнд нь ямааны мах багтаж байгаагүй. Иймээс Вьетнам улс руу гарц нээснээр шинэ сувагтай болно.
Одоо гол нь тохиролцсоноо ажил хэрэг болгож чадвал ямаа зөвхөн ноолуураараа дэлхийд танигдаад зогсохгүй сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн болох боломж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ