Залуус, залуусынхаа талаар ингэж ярилаа

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Залуус, залуусынхаа талаар ингэж ярилаа

Залуус, залуусынхаа талаар ингэж ярилаа

Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсрол төвөөс хамтран зохин байгуулах “Залуучууд-Эерэг өөрчлөлтийн хүч” сарын аяны талаар өнөөдөр /2017.08.11/ мэдээлэл хийлээ.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй сарын аяны хүрээнд Залуучуудын иргэний нийгмийн чуулган, гарааны бизнесийг дэмжих өдөрлөг, уран бүтээлчдийн үдэшлэг, Улаанбаатар марафон болон залуучуудыг дэмжих сайн дурын өдөрлөг гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм байна. Сарын аяны нээлтийн ажиллагаа энэ сарын 12-нд Гэрэлт гудамжинд болох ажээ.

Ингээд “Залуучууд-Эерэг өөрчлөлтийн хүч” сарын аяныг зохин байгуулж буй залуусын байр суурийг хүргэе.

-Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул: Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуультай болсон

-Манай байгууллагад залуусыг дэмжих чиглэлээр бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж буй 84 төрийн бус байгууллага байдаг. Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хууль өнгөрсөн тавдугаар сарын 18-нд батлагдсан. Энэ хуулийг залууст сурталчилж, таниулах, уг хуулийг дагаж гарах журмуудад залуусын өөрсдийнх нь  саналыг авах хэрэгтэй байна. Жишээ нь залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг уян хатан нөхцөлтэйгээр гаргана гэсэн байгаа. Гэтэл яг залуу гэр бүлд юуг уян хатан байх вэ гэдгийг нь залуусаас өөрсдөөс нь санал бодлыг нь авч байж холбогдох дүрэм, журмуудыг баталвал илүү амьдралд ойр байх болно.

 “Демокрейзи” залуусын төвийн гишүүн Б.Энхжаргал: Залуусын бодит оролцоо маш чухал байна

-Би 2007 оноос хойш залуучуудын байгууллагад ажиллаж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулаад явж байна. Бидний амьдарч буй нийгэм маш хурдацтай хөгжиж байна. Үүнийгээ дагаад залуус ч идэвхтэй, эерэг сэтгэлгээтэй болсон байна. Мөн энэ бүхэнд технологийн хөгжил гол түлхэц болж байгаа. Гэхдээ залуусынхаа бодит оролцоо маш чухал. Зөвхөн сошиалд ертөнцөд, компьютерын цаанаас бусдыг шүүмжлэхээс илүү өөрсдөө оролцоод, зохион байгуулж, саналаа солилцох нь чухал гэдгийг залуустаа уриалж байна.

Монголын залуучуудын эвсэлийн ерөнхий зохицуулагч Г.Чинзориг: Залуус нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирэхэд хувь нэмрээ оруулж байгаа

-Нийгэмд залуучуудын холбоо, эвсэл, фэйсбүүкийн групп, клуб, төрийн бус байгууллагууд маш олноор үүсч байгаа. Тэр дундаас Монголын залуучуудын эвсэл юугаараа онцлог вэ гэхээр илүү хүний тэгш эрхийн төлөө, ардчилалын үнэт зүйлийн төлөө ухамсартайгаар нийгэмд нөлөөлөх зорилготой. Манай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй залуус, бэлгийн цөөнхийн асуудал гэх мэт залуусын олон талт төлөөлөл болсон нэгдмэл 35 байгууллага бий. Залуус сайн дурын утга учрыг ойлгодог болсон байна. Мөн сайн дурын ажлыг хийснээрээ нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа. Харин намын дэргэдэх залуучуудын холбоо гэж байсан ч гэсэн залуусыг эерэг зүйл руу уриалан дуудах, нийгмийн өөрчлөлтийн төлөө явах нь илүү чухал.

“Түгээмэл хөгжил төв” бие даан амьдрах төвийн Залуусын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баттулга: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 хувь нь залуус байдаг

-Нэг үеэ бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын тоо олширч байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй залуусын оролцооны хувьд хязгаарлагдмал байсаар байна. Тэдэнд нийгмийн арга хэмжээнд оролцох хүсэл зорилго, чин эрмэлзэл бол байдаг. Заримдаа тухайн үйл ажиллагааг зохион байгуулахдаа залуусын олон талт төлөөллийг оролцуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлээгүйгээс оролцоо нь хязгаарлагдмал байдаг. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй залууст ямар нөхцөл байдлыг бүрдүүлсэн дүүрэг, хороод ховор байсан. Нөхцөл байдлыг нь бүрдүүлж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо нэмэгдэх бүрэн боломжтой. 2016 оны судалгаагаар Монголд 100 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Үүний 60 хувийг залуус эзэлдэг гэсэн тоо гарсан байдаг.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж