Төрийн ордон эзгүй шахам ч засаг бужигнуулах хуйвалдаан хэдийн эхэлжээ. Хамгийн ноцтой нь эрх баригч хүчний гишүүд нь Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж, Ардчилсан намын бүлгийн гишүүдийг дайчлах болсон нь анхаарал татна.
Хэд хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардсан. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгохын тулд 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн тайлбар дагуулсан ч үнэндээ бол шалтаг л болохоос шалтгаан биш байжээ.
Хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д тавихад 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй. Харин УИХ-ын 76 суудлын 65-ыг дангаараа бүрдүүлдэг МАН-ын бүлгийн гишүүд нь Засгийн газраа огцруулахын тулд Ардчилсан намын бүлгийн гишүүдийн гарын үсгийг гуйж яваа нь энэ ажиллагаа хол явахгүйг харуулж буй ч цаад талдаа намын дотоод зодоон, зовлон хоёроо төр рүү чирч буй нь үнэхээр харамсалтай.
Намын зодоон бол өөрсдийнх нь дотооддоо шийдэх асуудал болохоос биш ард түмэнд үүрүүлэх зовлон биш. Хэрвээ энэ зовлон, зодоон хоёроо зааглаж, эрх ашгаа эрэмбэлж чадахгүй бол улсаараа л хохирно. Яагаад гэвэл Засгийн газрын ард улс орны хувь заяа оршиж байдаг бол намын ард хэдэн гишүүний эрх ашиг л бий. Хэн нэгнийг дараагийн Ардын намын дарга болгохын тулд улс орны хувь заяагаар тоглох эрх хэнд ч байх ёсгүй. Харамсалтай нь, энэ ялгаа заагийг мэдэж, улс төрөө хийхгүй нь бололтой.
Уг нь МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан үндэслэлийнх нь нэг тогтвортой Засгийн газрыг ажиллуулах тухай ард түмэндээ өгсөн амлалт байв.
Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгийг дагалгүй, УИХ-ын дарга болсон нь Засгийн газраа тогтвортой ажиллуулах зарчим л барьсан болов уу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн яаж ч гарсан Засгийн газар тогтвортой ажиллаж байх нүүдлийг л тухайн үед хийсэн гэж ойлгогддог. Энэ бол зөвхөн өнөөгийн МАН-ын дарга М.Энхболдын тааллаар ч болсон зүйл биш УИХ дахь 65 гишүүнийх нь кнопоор баталгаажсан сонголт.
Одоо харин юу болж байна, ердөө хоёр сарын өмнө бурхан шиг тахигдаж байсан дарга нь буг болж хувирав. Ганцаараа дээрх шийдвэрийг гаргасан юм шигээр чичилцгээж байна. Тэр шарандаа байгуулсан Засгийн газраараа давхар туг тахих юм гэнэ. Ийм тэнэглэл байж болох уу.
Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдын албыг хашиж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан бол Засгийн газартай хариуцлагын асуудал хөндөж болох л байсан биз.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөгүй, намын дарга ч биш хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлгэсэн, мөн Шадар сайдыг тагнуулж, чагнуулсан байж болзошгүй гэдэг батлагдаж, нотлогдоогүй зүйлүүдээр буруутган, Засгийн газрыг унагахаар хуйвалдаан зохиох нь хэр ёс зүйлтэй үйлдэл вэ.
Жилийн өмнө нам, Засгийн газар хоёрынхоо үйл ажиллагааг ялгаж, зааглан, шийдвэрээ хууль болгон баталгаажуулсан атал одоо яагаад нэгтгэж, тооцоо бодох гээд байна вэ?.
Намын дарга болмоор байгаа бол зөвхөн тэр хүрээндээ л улс төрөө хийцгээ.
Намынхаа зовлонг ард түмэнд үүрүүлэх эрх Ардын намынханд байх ёсгүй шүү. Тэртэй, тэргүй хоёр жил дараалан үргэлжилсэн сонгуульд ард түмэн туйлдчихаад байна. Гадаад ертөнц мөн бодлого нь тогтвортой хэрэгжээсэй гэсэн хүлээлттэй байгаа болов уу.
Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн энэ зурвасхан цикл үеийг ашиглаад үр дүнтэй ажиллах шаардлага ч бий.
Хатуу өвөл ч айсуй. Хамгийн хатуу өвөл болохоор тооцож өвлийн бэлтгэлээ хангахыг цаг уурчид анхааруулж байгаа.
Иймээс хууль тогтоогчид ордны хуйвалдаанаа зогсоогоод тойрог, тойрогтоо ажиллаж, иргэдийн тулгамдсан асуудлыг илүү мэдрэх нь чухал байлтай. Намтайгаа хийх тооцоог Засгийн газарт нялзаах нь жирийн иргэдийн хүсэх зүйл биш.
Ардын намын зовлонг үүрэхийн тулд ард түмэн 2016 онд 65 суудал өгөөгүй билээ.
Г.ДАРЬ