Тувагийн Цагаа буюу Цагаан сарын баярын товыг тус улсын лам нар гаргажээ. Мөн энэ өдөр Буриадын бурхны шашинтнууд Цагаан сарын Сагаалганаа тэмдэглэх гэнэ. Тувагийн лам нар шийдвэрээ Тыва улсын Их хуралд өргөн барьсан ба тэд энэ нь Үндсэн хуульд нь нийцэж буй эсэхийг тогтоох юм байна. Тувачууд дорны бусад ард түмний адил шинэ он Цагаагаа дорнын хуанлигаар тэмдэглэдэг. Шинэ жилийн яг тогтоосон өдөр гэж байхгүй учир уг баяр 1-3 сарын аль ч өдөр тэмдэглэж магадгүй. Үүнийг бурхны шашны зурхайгаар тогтоодог гэж Тувагийн Үндэсний музейн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ульяна Бичелдей өгүүлжээ. “Баяр нь монголчууд ба буриадын адил манайд бас л гурван шат дараалалтай. Сүүлийн хэдэн зууны дотор энд өөрчлөлт гараагүй. Уламжлалаар битүүний өдөр хүмүүс орон гэрээ цэвэрлэн хог новшноосоо салдаг. Дайллага цагаалгаа эртнээс бэлтгэнэ. Олон айл ууц тавих ба өвлийн идшээр ууцаа бэлтгэсэн байдаг. Шинэ оны шөнө сүм хийдэд мөргөл үйлддэг. Одоо энэ уламжлал сэргэсэн учир олон хүн шөнийн мөргөлд очих болсон” гэж тэр хэлэв.
Шинэ оны шөнө унтвал Лхам бурхан дэлхийг эргэн нисэхдээ унтсан хүнийг үхэгсдийн тоонд оруулж магадгүй гэж тувачууд ярьдаг учир шөнийн мөргөлд ихээр очих болсон гэж Бичелдей ярьжээ.
Шинэ оны өглөө тувачууд “сан салыр” гэх зул өргөх ёслол хийдэг. Цагаа гэх баярынхаа үеэр архи огт амсдаггүй гэж «Центр Азии» гэсэн Сибирийн сайтад өгүүлсэн байв.
Ш.САМБУУ