Олон улсын хүүхдийн спортын ээлжит VII наадам энэ сарын 12-18-ны өдрүүдэд Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмын талаар өнөөдөр /2017.08.11/ Биеийн тамир, спортын газраас мэдээлэл хийлээ.
Олон улсын хүүхдийн спортын ээлжит VII наадамд ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын Өвөрмонгол, Монгол Улсын нийт 1000 гаруй хүүхдүүд спортын 11 төрлөөр өрсөлдөх юм байна.
Уг наадмыг анх 2009 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, спортын таван төрлөөр нийт 250 орчим тамирчин оролцож байжээ. Мөн тус наадмыг Монгол Улс, Буриад, Өвөрмонгол гэсэн гурван газар ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд зуны олимпын наадамтай жилд зохион байгуулдаггүй байна.
Манай оронд өмнө нь 2009, 2013 онуудад зохион байгуулж байсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа ажээ. Ширээний теннис, теннис, жудо бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, хөлбөмбөг гэх мэт спортын төрлөөр, 10 спортын зааланд наадмыг зохион байгуулах гэнэ.
Олон улсын хүүхдийн спортын ээлжит VII наадамд энэ жил шинээр таэквондо, талбайн теннис, хөлбөмбөгийн спортыг шинээр нэмсэн талаар зохион байгуулагчид хэлж байв.
А.Сүрэн