Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД = ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ” уриан дор зохион байгуулахаар боллоо.
Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм. Энэ жил Олон улсын залуучуудын өдрийг “ЗАЛУУЧУУД ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООНО” гэсэн сэдвийн хүрээнд дэлхий даяар зохион байгуулах гэж байна. Мөн жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын залуучуудын өдөр” тохиодог билээ. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлал тогтсон.
Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал “ЭЕРЭГ УЛААНБААТАР 2017-ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ФЕСТИВАЛЬ, “БИД ЗОРИЛГОТОЙ ЗАЛУУС” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1000 МОРЬТНЫ ФЕСТИВАЛЬ” зэрэг арга хэмжээнүүд болно.
“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.
Тус аяны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.