Австрали үерээ хянаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Австрали үерээ хянаж байна

Австралийн хүн ам хоёр дахь үертэйгээ тэмцэж эхлээд байна

Үерийн гамшиг амссан Австралийн хоёр дахь муж нь усанд автаж эхэлжээ. Мягмар гаригт үерийн оргил нь дайрах шиг боллоо. Эрх баригчид шинэ гамшигт хотууд хэр бэлэн байсан, аврагчид зөв ажилласан уу гэдгийг шалгахаар амлаад байгаа. Энэ үеэр сайн дурынхан усанд “олзлогдсон” амьтдыг аварч байна.

Тус орны зүүн эргийг хамарсан нэгдүгээр сарын их үерийн оргил энэ мягмар гаригт болно гэж аврагчид тооцоолж байсан юм. Халуун орны хүчтэй шуурга дахин хүчтэй бороо дагуулан голын усны төвшин эрс нэмэгдэж эхэлсэн. Эхлээд усанд зүүн хойд Квинсленд муж автаж, дараа нь шуурга өмнө зүгт шилжин Виктория мужийг хамарлаа.

Хоршем хот хоёр хуваагдав

Хотоор өнгөрдөг гол савнаасаа халин ботаникийн цэцэрлэгийг живүүлж хажууд нь байдаг дугуйн уралдааны цогцолборт орж ирлээ. Усанд тэр хавийн 50 орчим байр живж магадгүй болжээ. Ус орж ирэх замууд дээр хотынхон элстэй шуудайгаар саад босгосоор байна. “Байгалийг бид захирч чадахгүй ч байдлыг бүрэн хянаж байна. Хүмүүст эртнээс мэдээ хүргэсэн, энэ хүнд нөхцөлд манай туршлагатай аврагчид сайн ажиллана гэж найдаж байна” хэмээн Майкл Райан мэдэгдсэн байлаа. Гэхдээ хотынхон ийм үзэгдлийг хот 100 магадгүй 200 жилээр үзээгүй гэж ярьцгааж байна.

Хотын олон хүн аюулын бүсээс гаран өмнөөс бэлтгэсэн дүрвэгсдийн цэгүүдэд очсон байна. Виктория мужийн хойд болон төв хэсгээс гурван мянга 500-аад хүнийг албадан нүүлгэсэн. Аврагчид ба цагдаагийн ажилтнуудын гар нийлсэн ажиллагаа үр дүнгээ өгч амь үрэгдэгсдийн тоо Бразилийн үер шиг хэдэн зуу биш арав хориор тооцогдож байгаа юм. Эрчим хүчнийхэн цахилгааныг тасалж байна. Станцуудын зарим нь усанд автжээ.

Урьдчилсан мэдээгээр 30 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Хамгийн сүүлд усан оргилуурын дэргэд тоглож байсан найман настай хүү усанд урсчээ. Ах эгч нар нь түүнд туслахаар оролдсон боловч амжсангүй. Хүү жараад метр урсаад алга болжээ. “Тэр усанд сайн сэлж чадахгүй. Бид энд хэн нэгнийг буруутгаагүй. Уснаас хол байх ёстой байжээ” гэж түүний 21 настай ах нь хэлсэн байна.

Засгийн газар хүмүүст туслахаар оролдох хооронд амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн уутат баавгай, имж, гүрвэл зэрэг усанд хашигдсан амьтдыг авран тэднийг амьтан асрах газруудад авчирч байгаа гэнэ.

Усанд автсан Квинсленд мужид усны төвшин өндөр байна. Харин цаг уурчид дахин бороо орохгүй, усны төвшин аажмаар буурна гэж мэдээлжээ. Квинслендийн хотуудад завиар тайван явах болсон байна. Усны урсгал өмнөх шигээ хүчтэй биш болсон гэнэ
.
Эрх баригчид хүмүүсийг анхааралтай байхыг сануулж байна. Матар, могойноос гадна тэр хавьд хүн иддэг төрлийн акула загас харагдсан ажээ.  Мужийн эрх баригчид үерийн хохирлыг гаргаж эхлэв. Мөн тэд хотууд үерийн аюул бэлэн байсан уу үгүй юу, аврагчид хэрхэн ажилласан зэрэгт шалгалт хийх гэнэ. Мужийн Засгийн газрын тэргүүн Анна Блай “үр дүнг хивсэн дороо нуухгүй” гэж амлав. Энэ тайлан ирэх жилийн нэгдүгээр сарын 17-н гэхэд бэлэн болсон байх бололтой.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж