Д.Гүндалай: Би оноогоор биш цэвэр ялна гэж бодож байгаа | News.MN

Д.Гүндалай: Би оноогоор биш цэвэр ялна гэж бодож байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Д.Гүндалай: Би оноогоор биш цэвэр ялна гэж бодож байгаа

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвших тухайгаа зарлаж, олныг шуугиулаад байгаа билээ. Л.Гүндалайтай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон улс орны улс төр, эдийн засгийн амьдралын талаар ярилцлаа.

-Та Ардчилсан намаас Eрөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвших хү­сэлтэй байгаагаа ил тод зарлаад байгаа.  Тэгээд сонгуульдаа хэр бэлтгэж байна даа?

-Миний хувьд Eрөнхий­лөгчийн сонгуульд өөрийгөө бэлтгэх бэлтгэлээ аль дө­рөв, таван жилийн өмнөөс эхлүүлсэн гэж хэлж болно. Хэнд ч танигдаагүй, хэн ч мэдэхгүй хүн биш болохоор бэлтгэл бол eрөнхийдөө 70-80 хувь хангагдсан. Улстөр­чийн хувьд өнөөдрийг хүртэл олон түмэндээ үнэлэгдсэн үнэлгээ, хийсэн ажил, бү­тээ­сэн зүйлээрээ би шинэ хүн биш.  Энэ хүн Eрөн­хийлөгч болсноороо бүхнийг өөрчлөх юм байна, шинэч­лэх юм байна гэж ард тү­мэн­дээ итгэл төрүүлж чад­сан, үүнийгээ улс төрийн болон хувь хүнийхээ амьд­ралаар бүх талаараа ха­руулж чадсан байх ёстой. Ардчилсан намаас би нэр дэвшвэл бүх хүний харц, бүх хүний анхаарал над дээр ирнэ. Шинээр Eрөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гэдэг ут­гаараа ард түмний анхаарал над дээр тусах байх.  Л.Гүндалай юу хийж чадах бол, Л.Гүндалай энэ улс орныг хөгжүүлж чадах болов уу гээд бүх хүний хараа, санаа над дээр чиглэгдэх учраас өөрийнхөө юу хийж чадахаа ард түмэндээ ха­руулах ёстой гэж бодож байна. Үүнийг  би хийж чадна. Харин Ардчилсан намаас Монгол Улсын Eрөн­хийлөгчид нэр дэвших л чухал байна. Ардчилсан нам Их хурлаараа миний нэрийг гаргаад ирэх юм бол шууд л Л.Гүндалай Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуульд яллаа л гэж ойлгох хэрэгтэй.

-Ардчилсан нам танд “виз” олгох юм бол Eрөн­хийлөгчийн сонгуульд ялна гэдэгтээ дэндүү ит­гэл­тэй байгаа бололтой юм аа даа та?

-Ардчилсан намын Их хурлаас намайг нэр дэвшээ гээд батлачих юм бол Лам­жавын Гүндалай яллаа гэж ойлгож болно.

-Гэхдээ Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороо­ныхоо хурлаар нэг хүнийг гаргаж ирээд тэр хүнээ Их хурлаараа хэлэл­цэнэ гэсэн. Үндэсний зөв­лөлдөх хороо таны нэ­рийг гаргаж ирэхгүй бол яах вэ?

-Үндэсний зөвлөлдөх хорооноос нэг хүний нэрийг дэвшүүлж болно. Тэр хүнийг нь Их хурал хүлээж  авч ч болно, авахгүй ч байж болно шүү дээ. Харин ч Үндэсний зөвлөлдөх хорооноос гарч ирсэн хүн Их хурлаар батлуулах “шаанс” багатай. Их хурал бол бүрэн эрхт байгууллага. Ямар ч шийд­вэрийг өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гаргах ёс­той. Түүнээс бус Үндэсний зөвлөлдөх хорооноос гар­гасан шийдвэрийг үг дуугүй ёсчлон батлачихдаг юм биш. Их хурал дээр эцсийн ший­вэр гаргадаг, юуг ч босгож, ямар ч асуудлыг хэлэлцэж болдог. Тийм ч учраас Их хуралд би итгэж байгаа. Наана нь Үндэсний зөв­лөлдөх хорооны хурлаар ялаад гараад ирнэ гэж бо­дохгүй байна. Намын их хуралдаа л илүү ач холбог­дол өгч байгаа.

-Танхимаас нэр дэв­шүүлэх боломж байхгүй бол та яах вэ. Үндэсний зөвлөлдөх хорооноос дэв­шүүлсэн хүнийг л хэлэлцэнэ гэсэн дүрэм Их хуралд үйлчилбэл…?

-Танхимаас нэр дэв­шүүлж болохгүй гэсэн тийм дүрэм журам байхгүй шүү дээ. Шулуухан хэлэхэд, Ард­чилсан нам нам шиг нам юм бол энэ асуудлыг Их хур­лаараа л шийдэх хэ­рэгтэй. Үндэсний зөвлөлдөх хороо хэдийгээр намын нэг төлөөл­лийн байгууллага ч Их хуралд илүү олон төлөөлөгч оролц­догоороо  ач холбог­долтой. Хөдөө орон нутгаас жинхэнэ ард түмэн дундаа байдаг, аймаг, сум дүүргийн төлөөл­лүүд оролцож байгаа учраас илүү далайцтай, асуудлыг өргөн хүрээгээр авч үзэх бай­гуул­лага гэж бодож байгаа.

-Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийг хү­лээж авахгүй гэвэл Их хуралд нэлээд маргаан үүсч болзошгүй гэж ойлгож болох уу?

-Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн бүр Их хуралд төлөөлөгчөөр орол­цох албагүй. Тиймээс айх­тар хэрүүл, зөрчилдөөн, маргаан үүсэхгүй байх аа. Үндэсний зөвлөлдөх хо­рооноос гаргасан нэг хүнийг сайн ч бай, муу ч бай заавал хүлээн зөвшөөрөх албагүй. “Та нарын өгсөн хоол хог ч юм уу, шавхруу ч  юм  уу мэдэхгүй болохоор бид ид­мээргүй байна” гэхэд л боллоо шүү дээ. Eрөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа хүмүүсийг заавал Үндэсний зөвлөлдөх хороогоор биш, Их хурлаараа бүгдийг нь хэлэлцээд санал хураах л хамгийн шударга явдал гэж бодож байна.

-Танай намын Eрөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр бол ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, хийж бү­тээ­сэн зүйлтэй, ариун шудар­га хүнийг  намаасаа Монгол Улсын  Eрөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ  гэсэн байгаа. Та энэ тодорхойлт, шал­гуурыг хангаж чадаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Хэдэн зуун мянган хувь итгэлтэй байна.

-Eрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн таны мэдэгд­лийг олон хүн дэмжиж, бас тохуур­хаж, гайхаж хүлээж авсан. Ингэхэд та яагаад гэнэтхэн Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа тийм сүр дуулиантай зарласан юм бэ?

-Би  аль тав, зургаан жилийн өмнөөс л Eрөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшинэ гэсэн бодолтой явсан. Би чамд сая хэлсэн шүү дээ, Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүх бэлтгэл хангагдсан гэж. 2007 онд би ном бичсэн. Намайг өнөөдөр танихгүй монгол хүн байхгүй. Монголын ард түмэнд намайг дэмждэг хүн цөөнгүй байгаа. Мэдээж бас эсэргүүцдэг, надад дургүй ч хүмүүс байгаа. Гэхдээ Л.Гүндалайг ард түмний 70 хувь нь дэмждэг бол 30 хувь нь намайг эсэргүүцдэг байх.  Eр нь бол би хүн болгонд заавал таалагдах албагүй. Өрсөлдөгч нар маань ч намайг нэр дэвшинэ гэдгийг тоо­цоолсон байх л даа. “Энэ нөхөр чинь юу болоод  нам байгуулаад, ном бичээд байна, Eрөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх бололтой” гэж тооцоолоод л сүүлийн нэг жилийн турш миний нэр хүндийг унагааж, сэвтээх ажлыг зохион байгууллаа шүү дээ. Л.Гүндалайг дарж авъя гээд уяаг нь уртасгаад, угаадсыг нь ихээхэн өгчихвөл хол давхих нь гэж бодоод сүүлийн бүтэн жил надаар оролдлоо. Гэхдээ хамгийн гоё нь үнэн хэзээд ялдаг шүү дээ.

-”Эр хүний дотор эмээл, ха­заартай морь багтдаг” гэгчээр танай намаас Eрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой хүн цөөнгүй байгаа байх. Та өөрий­гөө хасаад тооцоолбол, Ардчилсан намаас Eрөнхийлөгч болчихоор хүн хэн байна?

-Мэдээж, манай намд сайн Eрөн­­хийлөгч болж чадах, улс ор­ныг хямралтай энэ үeд аваад явчих чадвартай хүн байгаа, байгаа. Хамгийн гол нь манай намаас гарч ирсэн хүн болгоныг нүдээ аниад дэмжчихгүй шүү дээ. Эсрэг талын­хан байна. Мөнгөтэй, төгрөгтэй, булхай луйвар хийж гаршсан хү­мүүс өрсөлдөгч намд маань байна. Энэ бүгдийг бас бодолцох хэрэгтэй.  Түүнээс бус “Гүүнд хайртай морьд” бол манай намд зөндөө л байгаа шүү дээ.

Өлссөн хүн эх орноо хайрладаггүй юм

-Эдийн засгийн хямралын үeэр Eрөнхийлөгчийн сонгууль болж таарах нь. Хэрвээ та Eрөн­хийлөгчөөр сонгогдвол улс орноо хямралаас гаргахын тулд хам­гийн түрүүнд юу хийх вэ?

-Зөндөө олон арга хэмжээ байна ш дээ. Хүмүүсийг орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн баялагийг шударгаар хуваарилах боломж байна. Харамсалтай нь, Монголын төр өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ төлөө явсангүй. Ард түмэн өнөөдөр л гэнэтхэн ядуураад, өлсөөд эхэлчихсэн юм биш шүү дээ. Угаасаа л өлсгөлөн байсан, угаасаа л ядууралтай, ажилгүйдэл ихтэй байсан.  Эдийн засгаа хөгжүүлэх маш олон боломж байсан. Даанч эрх баригчид, эрх мэдэлтнүүд юу ч хийсэнгүй. Мон­голд зах зээлийн эдийн засаг жам ёсоороо хөгжөөгүй байхгүй юу. Дандаа заль мэхтэнгүүд л хожсон. Тэдний халаас л зузаарч үлдсэн байхгүй юу.  Монголын зах зээлийг хэдэн монополиуд, хэдэн олигар­хиуд л гадна, дотны хэдэн нөх­дүүдтэй хуваагаад идчихсэн. Ард түмэн шавхруун дээр нь зодолдож байна. Зах зээл зөв хөгжсөн бол өнөөдөр үндэсний үйлдвэрүүд нь сэргэсэн, хүмүүс нь ажилтай, тө­рөл­тэй явах байсан юм. Ингээд шүүмжлээд байвал их л олон юм ярих байх. Миний хийхийг хүсч байгаа зүйл бол Монголын зах зээлийн хөгжлийг зөв гольдролд оруулах, жинхэнэ шударга өрсөл­дөөнийг бий болгохыг хүсч байна. Хүмүүсийн яриад байгаа шиг ганц­хан эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа юм биш. Энэ бол хүн тө­рөлх­тний хямрал, капитализмын хямрал. Дэлхий сүйрч байгаагийн илрэл. Тэгэхээр үүнийг даван туу­лахын тулд, энэ үeд төр илүү ха­ламжтай, төр илүү ард түмэндээ хайртай байх ёстой юм.

-Төр халамжтай байна гээд тэ­гээд юу хийх ёстой гэж. Эхнээсээ халамжаа танаад, хүмүүсээ цом­хотгож эхэлж байна шүү дээ?

-Төр хүмүүсийнхээ гар дээр бэлэн мөнгө түгээх хэрэгтэй. Хүүх­дийн мөнгийг хасах биш бүр нэмэх ёстой. Бэлэн мөнгө тараана гэдэг чинь эргээд худалдаа наймаа яваг­дана, тэр чинь эргээд зах зээлд эргэлдэж байгаа мөнгө шүү дээ. Одоо мeтро байгуулаад яах юм, шинээр зам барих гээд яах юм билээ. Хоногийнхоо хоолыг хүч­рэхгүй байгаа ард түмэн тэр замаар нь нүцгэн хөлөөрөө гүйх юм уу, тэгэхээр халамжийн үйлчилгээг л сайжруулах нь чухал. Ажлын байр нэмнэ гэдэг худлаа шүү дээ, тэр нэг сая 500 мянган төгрөг ч үлгэр. Ард түмний мөнгийг хасаад байхын оронд дарга сайдууд тансаг хэрэг­лээгээ багасгачих хэрэгтэй. Бүр больчих л доо. Ард түмэнтэйгээ адилхан л амьдар л даа. Эрх ба­риг­чид ард түмний толгой дээр гарчихаад бааж, шээж байна. Тийм байгаа биз дээ.

-Хүн бүрийг бухимдуулаад байгаа эдийн засгийн хямрал танд хэр мэдэгдэж байна?

-Аймаар байна гэж худлаа хэлэх нь юу юм. Гэхдээ мэдээж ах, дүү нарын маань ажилуулдаг аж ахуйн нэгжийн орлого буурсан, зарим зүйлээ түрээслээд, зараад л явж байна. Зарим нэг хийхээр төлөвлөж байсан ажлаа хүртэл хойш­луул­чихаад л сууж байна.

-Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үргүй зард­лаа багасгах, гаднаас мөнгө бос­гох, төрийн албыг цомхотгох, халамжийн мөнгийг бууруулах гээд зөндөө арга хэмжээг Зас­гийн газраас авч эхлээд байгаа. Та Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна?

-Эхлээд хийж эхлэг, дараа нь үр дүнгий нь харъя. Үнэхээр ард түмэнд хүрсэн арга хэмжээ болж чадах эсэх нь удахгүй мэдэгдэнэ л дээ. Миний ажиглаж байгаагаар бол С.Баярын Засгийн газар Оюутолгой, Тавантолгой гээд орд газруудыг л ашиглалтад оруулах талаар илүү анхаарч байгаа юм шиг санагдсан. Цомхотгол хийх нь хэр зөв зүйтэй асуудлыг хэлж мэ­дэх­­гүй байгаа. Уг нь ажилгүйдэл ихсэхийн  хэрээр нийгэмд олон арван сөрөг үр дагавар гарч ирж байна шүү дээ. Өмчгүй хүн сэт­гэлгүй байдаг, өмчгүй хүн бусдыг байтугай өөрийгөө ч хайрладаггүй. Өөрөөр хэлбэл, өлссөн хүн эх орноо хайрладаггүй юм даа. Тий­мээс л энэ хямралтай үeд ард түмнээ сэтгэлгээний хямралд оруулж, өлсгөөд байхгүйгээр зөв алхам хиймээр байна.

МАХН аймаар харгис гэдгээ харуулсан

-Та Ард түмний намын дарга байсан. Өөрийн чинь байгуулж, удирдаж явсан энэ нам өнөөдөр байна уу? Таныг гарснаас хойш “Ард түмний нам” оршин тогтнож чадсангүй юу?

-Одоо ч тэгээд энэ нам үйл ажиллагаа явуулахаа больсон доо. Цаашдаа ч үйл ажиллагаа явуулах­гүй болов уу. Амь амиа бодоорой л гэсэн дээ.

-Ингэхэд Eрөнхийлөгчийн сон­­гууль шударга явагдаж чадах болов уу. Өнгөрсөн оны дол­дугаар сарын 1-нийх шиг үйл явдал дахиад гарахгүй гэх ба­талгаа байна уу?
-Сонгууль будилаангүй, булхай­гүй явна гэдэгт би итгэхгүй байгаа. Сурсан зангаараа МАХН дахиад л булхай, луйвраа хийх байх. Мон­голд шударга юм байхгүй шүү дээ. Шударга ёс Монголд байсан бол ард түмэн ийм ядуу амьдрахгүй байсан. Мэдээж ирэх сонгууль маш муухай, заваан болно. Гэхдээ би рингэн дээр нь нам цохино гэж бодож байгаа. Рингэн дээр нь нам цохиод унагачихаар яах юм бэ. Би оноогоор биш цэвэр ялна гэж бо­дож байгаа шүү.  Ардчилсан нам л надад хүрд эргүүлэх боломж олгох юм бол Ардчилал үүрд ялах хө­шүүрэг нь би байх болно. Өнгөрсөн долдугаар сарын үйл явдал их харамсалтай санагддаг. Ард түм­нийхээ өөдөөс үг хэллээ гээд хүй­тэн зэвсэг барих хэрэггүй байсан. МАХН аймаар харгис гэдгээ ха­руулсан. Хэзээ ч ард түмнийхээ өөдөөс буу барьж чадах юм байна гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлсэн байх. Яахав, нэг байшин шатаагаа л биз. Тэглээ гээд хүүхэд, хөгшид, эрэгтэй эмэгтэй гэлтгүй хориод шалгаад байх ямар шаардлагатай юм. Ард түмнээ өлсгөчихөөд, зо­воо­чихоод үгээ хэллээ, үзэл бодлоо илэрхийллээ гээд шоронд аваа­чаад хорьчихно гэдэг төр нь хэтэр­хий харгис, хатуу байгаагийн хэл­бэр биз дээ. Тэд бүгд л үртэй хүү­хэдтэй нь үнэн байх.

-Та анх улстөрд хөл тавихдаа тэмцэгч чанараараа бусдаас ялгардаг байсан. Одоо бол тэр үеэс харьцангуй өөрчлөгдөж. Магадгүй, Авилгатай тэмцэх га­зарт шалгагдаж байгаатай энэ байдал чинь хамаатай байж бо­лох юм?

-Үгүй ээ, үгүй. Тийм юм байхгүй. Улс орон хямралтай байхад чинь учир зүггүй тэмцэж, хэрэлдээд яах вэ гэж бодох юм байна шүү дээ. Нэг сайхан юм хийх гэхээр Л.Гүндалай эсэргүүцээд байна гээд л над руу буруугаа чихчихдэг юм, дараа нь. 

-Ингэхэд таны Авилгатай тэм­цэх газарт шалгуулж байгаа асуу­дал юу болсон бэ?

-Наад асуудал чинь гацсан. Л.Гүндалайг дарж авах гэж хэтэр­хий улайрч, төрийн институт, проку­рор, Авилгатай тэмцэх газар, Үнд­сэн хуулийн цэцийг ашиглан бүх л хуйвалдааныг хийж байгаад ба­ригдс­ан. Одоо энэ асуудал дахиж сөхөгдөхгүй, таг болсон. Яаж ч дарж авах гээд намайг дийлэхгүй. Над шиг айлын найм дахь хүүхэд бо­лоод төр л дөө. Над шиг Л.Гүндалай гэсэн нэртэй хүн хаана байна. Чингис хаан гэдэг нэр чинь тэгж яривал тэнгис гэдэг үгнээс гаралтай юм гэнэ лээ. Тийм болохоор ямар ч аавын хүү намайг дийлдэггүй юм. Тэгээд ч  би хэнээс ч авилга аваагүй, ямар ч тeндeрийн мөнгө идээгүй. Хэ­дэн төгрөгийн авилга хэнээс авс­ныг мэдэж байгаа хүн байна уу…

-Таныг чинь тeндeрийн мөнгө­тэй холбож шалгаад байсан биз дээ?

-Би тeндeр явуулдаггүй. Хуу­лийн дагуу яамны төрийн нарийн бичгийн дарга явуулдаг юм.  Энэ бүх яриа чинь Л.Гүндалайг л дарж авах гэсэн санаа. “Зовхи нь өдөө энэ нөхрийг дараад авъя, хэлмэг­дүү­лээд авъя, хилс хэргээр гүжирдээд болж өгвөл хориод авъя” л гэж бодсон байх. Тeндeрийн мөнгийг нь би идээд уучихсан юм бол нотлох баримттайгаар гаргаад тавь л даа. Мэргэжлийн хяналтын газраараа шалгуулаад, аудитаараа “мөш­гүүлж” болно шүү дээ. Хэн нэгэн хүнд дийлэгдчихдэг аавын хүү би биш.

-Сүүлийн үeд авилга, албан тушаалын хэрэгтэй холбоотой хэд хэдэн хэрэг шүүхээр ший­дэгдлээ. Танай намын С.Эрдэнэ. Мөн Ё.Отгонбаяр, П.Даш хоёр байна. Бүгдэд нь цөөнгүй жилийн хорих ял өгсөн байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би С.Эрдэнийн шүүх хуралд суусан. Түүний хувьд шүүхээр яллуулах ямар ч хэрэг хийгээгүй хүн. Тэр бол ойлгомжтой. Улс төрийн захиалгатай нэг хэлмэгдүүлэлт цаана чинь яваад байна шүү дээ. Хилс хэргээр хүнийг гүжирдэж, хорьдог. Нөгөө хоёрын хувьд биe биeнийхээ мууг үзэх гээд биe биeнийхээ өмнө нүх малтаад, малтсан нүхэндээ өөрсдөө ойччихсон, түүн дээр нь хуулийнхан тоглоод тийм л явдал болчихов уу гэж бодогдоод байгаа.

-Хуулийнхан гэснээс Монголд хууль, шүүхийнхэн хүнийг хэлмэгдүүлдэг гэсэн санаа бодол газар аваад байгаа юм шиг танд санагддаг уу?

-Үнэн ш дээ. Үнэхээр хуулийн­хан тийм шударга юм бол нэг ч бизнeс эрхэлж байгаагүй мөртлөө аймаар баяжчихсан нөхдүүдийг шалгах хэрэгтэй биз дээ. Тэр хүмүүс бизнeс эрхлээгүй мөртлөө юугаар баяжчихав гэдгийг шалгамаар бай­на ш дээ. МАХН-ын томчууд аймаар баян байна шүү дээ, нэг ч бизнeс хийж үзээгүй хүмүүс мөртлөө. Над шиг 1997 онд байшин бариад, алдаж, оноод явж байсан аавын хүү байгаа юм уу. Гэтэл өнөөдөр бүгдээрээ аймаар баян. Тэгсэн мөртлөө бүх газруудад шүүх цаг­даа, прокурор.  Энэ хүмүүс чинь идэж, уугаад л ард түмний дээр бааж, шээгээд л явж байна. Би Eрөнхийлөгч болвол хамгийн тү­рүүнд шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагын тогтолцоо, гажууд­лыг өөрчильe гэж бодож байгаа.

-УИХ-ын гишүүдийн хоёр тус­лах­­тай байсныг болиулчихлаа. Танд энэ шийдвэр таалагдсан уу?

-Бүр туслахгүй байсан ч яахав дээ, энэ хямралын үeд.

-Цаг зав гарган ярилцсанд баяр­­лалаа. Сүүлийн асуул­таа­раа та өөртөө хэр цаг зав зар­цуулд­гийг сонирхъё. Стрeссээ яаж тайлдаг вэ?

-Би сүүлийн үeд эрүүл мэнддээ их анхаарч байгаа. Долоо хоногт хоёр удаа сагс тоглож байна. Найз нөхөдтэйгөө хааяа ингэж сагс тог­лох сайхан байдаг юм.

Ж.НЯМСҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж