Ерөнхийлөгч ажилгүйдэл, ядууралтай дайн зарлана

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ажилгүйдэл, ядууралтай дайн зарлана

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА /ШУУД/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА /ШУУД/

Posted by MNB.MN on Thursday, August 10, 2017

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш  анхны ярилцлагаа МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт өглөө. Түүний ярилцлагаас олны анхаарал татсан томоохон асуудалд ямар бодлого боловсруулж ажиллах талаар тоймлон хүргэж байна.


Оффшорчидтой тэмцэх бодлого

-Тангараг өргөөд 30 хонох гэж байна. 60 тэрбумын хувьд хоёр сонгууль дамнан яригдсан. Монгол Улсын өнөөгийн төр засгийн албан тушаалыг урьдчилан зарж мөнгө босгодог гэдэг нь дээрээ ямар сахилга баттай байгааг харуулж байгаа юм. Бид 96 жилийн түүхтэй МАН-ыг аав ээж, эмээ өвөө нарын нам гээд хүндэлсэн маягаар сонгодог. Энэ инстутицижсэн байж магадгүй нам маань ийм зүйл яриад сууж байна. Энэ нь намын эмгэнэл биш Монголын эмгэнэл. Тиймээс 60 тэрбумын асуудлаар АТГ-ыг хоёр ч удаа дуудаж уулзлаа. “Та нар яагаад энэ асуудал дээр ажиллахгүй байгаа юм бэ” гэж хэллээ. Энэ мэдээллүүд шууд мэдээлэгдээд байсан болохоор нөхцөл байдлыг л асуусан. 60 тэрбумын асуудал урт ажил байх. 3000 гаруй хүний албан тушаалын ажил яригдсан байгаа юм. Миний хувьд энэ бүгдийг таслан зогсоох, намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчлахаас эхлээд олон ажил гарч ирэх юм байна. Энэ том асуудлуудаа цэгцлэхгүйгээр доод шатанд шударга ёс ярих боломжгүй. Иргэд шударга ёсыг л хүсч байна. Түүнээс биш өнөөдөр өлсөөд үхэж байгаа хүн алга. Хоёрдугаарт, малын буян байна. Дээрээ ийм байхад доороо яах юм. Улс төрд орж ирж баяжсан хүмүүс гадаадад хөрөнгөө нуудаг. Тиймээс 49 хоногийн дотор хууль бусаар олсон мөнгөө оруулж ир гэж байгаа юм.

Олон арга бий. Саяхан Пакистаны Ерөнхий сайд оффшор бүсэд хөрөнгөтэй гээд манайхантай зэрэг зарлагдсан юм билээ. Англид хүүхдүүдийнхээ нэр дээр байртай гэдгээр огцорч байна. Мөн германд таван сая еврогоор 11 сая хуудас цаас панамаас авсан. Энэ мөнгөний бас гүйцэтгэх ажил юм шиг байна лээ. Монгол Улсын Засгийн газар буюу Ерөнхийлөгч, прокурор нь үүнийг хүсэх ёстой. Өмнө нь хүсэлт явуулж байгаагүй юм билээ.

Өмнө нь бидэнд оффшорын хууль байгаагүй. Нэгэнт хууль байхгүй юм чинь гээд хөрөнгө мөнгөө тэр бүсэд хадгалж байсан байж болно. Хуульгүй байсан учраас тэдэнд хоног хугацаа өгч байгаа санаа юм.

Ажилгүйдэл, ядуурлын эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

-Хумигдсан эдийн засгаа тэлэх цаг нь болсон. Одоо бол тендер гэдэг бизнес л байна. Өөр юм байхгүй. Дотоодын зах зээл нь жижиг. Бүтээгдэхүүн гаргая гэхээр татвар нь өндөр байдаг л даа. Нэн тэргүүнд монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гаалийн татвар дээр ажиллах ажлыг эхлүүлнэ. Тэр төслүүд нь өөрөө хөдөөгийн, хотын, дэд бүтэц, дагуул хотын төсөл. Харамсалтай нь энэ төсөл дээр ажиллаж байсан 20-30 хүнд эрүү үүсгэж барьж, хорьж цагдсан үйл ажиллагаа явсан. Үүний ард зохион байгуулалттай бүтэц бий. Монгол Улс хөгжиж болохгүй гэж байгаа юм.

Хоёр том аюул байна. Тэр ажилгүйдэл, ядуурал. Зөв үү. Ажилгүй ядуу хүн боловсролдоо анхаарч чаддаггүй. Эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй. Тиймээс нэн тэргүүнд бүгдээрээ ажилтай болох ёстой. Монголд байгаа бизнесийн орчин цэцэглэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой. Өнөөдөр ямар ч ажлын дөргүй хүнийг томилдгоос болж ажил хийж чадахгүй байна гэдэг. Ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй болохоор энэ ажлын байр дээр гаднаас хямд ажиллах хүч орж ирж байгаа юм. Энэ хөтөлбөрүүдийг би хөдөлгөнө, явуулна.

Дундаж давхаргыг босгох бодлого барина

-Маш их хүлээлттэй байна. Учир нь өмнөх дөрвөн Ерөнхийлөгч аж ахуйн тал дээр ажил эрхэлж байгаагүй тул аж ахуйг мэдэхгүй байх магадлалтай. Хүн муулж байгаа юм биш. Тиймээс дундаж давхаргыг босгох даалгаврыг биелүүлнэ. Ажлаа бүтээн байгуулалтаас эхэлнэ. Бизнесийг тэлэх ёстой. Хэдхэн улс төрийн бүлэглэл тендерүүдийг аваад байж болохгүй. Тендерийг хэдхэн компани иддэг. Баян ядуугийн ялгаа асар их болсон ийм л орчныг хүлээж авлаа.

Зөвлөхүүдийнхээ сонголтын талаар хэрхэн тайлбарлав

-Хүмүүс зөвлөхүүд дээр ач холбогдол өгөөд яриад байгаа юм. Энэ хүмүүс цалин, төсөв байхгүй. Онцгой сэдвүүд дээр хүмүүсийг сонгодог нь аль ч оронд байдаг зүйл. БНСУ-ын шинэ ерөнхийлөгч өөрийн тусгай элчийг над руу явуулсан. З.Энхболд УИХ-ын дарга, намын дарга байсан хүн өөрөө хуульч, эрх зүйч хүн. Ганзаганаас эхлээд бид олон жил хамт явсан. Бидний нөхөрлөл 27 жил болж байна. Би дандаа удирдлаганд нь ажилладаг байсан. Миний дутагдлыг мань эр мэднэ. З.Энхболдын дутагдлыг би мэднэ. Би хуулийн мэдлэггүй, парламентад гурван удаа сонгогдсон, аж ахуйн талын мэдлэгтэй хүн. Тиймээс Тамгын газрын дарга надад биш Монгол Улсын Ерөнхийлөгчид нэмэр болох туршлагатай хуульч хүн. Н.Алтанхуяг дарга намын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд байсан. Асар их туршлагатай. Олон жил улс төрд хамт явсан, миний дутууг нөхөж чаддаг. Би хүнтэй эвтэй яриад байдаггүй. Н.Алтанхуяг дарга бол эвийг нь олчихдог. Н.Алтанхуяг улстөрчийнхөө хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөгөө өгөх гэж байгаа юм биш. Би намаасаа татгалзсан тул Н.Алтанхуяг дарга хэнтэй ч ярьсан учрыг нь олж чадах тийм л хүн.

А.Гансүх, Д.Дагвадоржийн хувьд Асашёорюү дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. УИХ, Засгийн газар, улстөрчдөд 2-3 жил яриад ойлгоогүй зүйлийг 20 минут яриад ойлгочихдог. Д.Дагвадорж хэлэлцээрийн ширээн дээр японы улстөрчидтэй нэг асуудал ярина. Гэрээ хэлэлцээрээр нэг асуудал ярьдаг. Албаны яриагаар нэг асуудал ярьдаг. Д.Дагвадорж хүнтэй эвийг нь олоод ярьчихдаг. Ш.Абэгийн ээжийнх нь гэрт очоод хүүг нь дуудаж авч ирээд дөрвөн цаг Монголын талаар ярьчихдаг хүн. Сумогийнх нь их аварга ээжийнх нь гэрт ирчихээд байхад Ш.Абэ ээжийнхээ гэрт ирэхгүй байх аргагүй. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой. Бөхөөрөө Монгол Улсын нэр хүндийг гаргалаа. Одоо харин танил талыг нь ашиглая гэсэн юм. А.Гансүхийн хувьд гурван улсын дэд бүтцийн хэлэлцээр дээр сайд байхдаа сууж байсан. Намайг сайд байхад дэд сайд байсан, хуульч, эрхзүйч хүн. Гадны хэлэлцээр дээр хуульч хүн суудаг. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчны нэгдүгээр асуудал дэд бүтэц. Хямралын үед ч гэсэн дэд бүтцээ улс орнууд барьдаг. Төмөр замын ажил дээр махлагдсан А.Гансүх шиг хүнийг дахин гаргаж ирэхэд дахин 2-3 жил шаардагдана. Ц.Хулан соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь МАН-ын хүн. Олон жилийн өмнөөс бид бие биенээ мэднэ. Шашны асуудал дээр лам дээлтэй хүн тавилаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа.

Ц.Хулан бол өөрөө соёл, шашны асуудлаар хувиараа их ажилладаг. Бид олон жил бие биеэ мэднэ. Хэрвээ шашны асуудал дээр лам дээлтэй хүн тавилаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тавиад байгаа нь надад түшиц болно. Ц.Хулан бол бас их бадрангуй хүн. Их ажилсаг. Намайг зүгээр суулгахгүй байх гэж дотроо айж байгаа(инээв).

Гаалийн татварын асуудлаас гадаад бодлогоо эхэлнэ

-Мэдээж нэн түрүүнд хоёр хөршийн асуудалд анхаарна. Гэхдээ хоёр хөршид айлчлахдаа үр дүнтэй байх ёстой. Лоозогносон биш, бодит ажил ярина. Нэн түрүүнд гаалийн татварын асуудлаар эхэлье гэж бодож байгаа. Дэлхий сонирхдог хоёр зах зээл дээр бид нар яагаад бүтээгдэхүүнээ гаргаж болдоггүй юм бэ. Ерөнхийдөө гадаад харилцаа дэлхий даяар эвгүй болчихлоо. Европын олон оронд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АНУ-д тооцоолоогүй байсан хүн төрийн тэргүүнээр нь сонгогдлоо гэх мэтчилэн. Тэгэхээр либериал үзэл ч хаана яваад байгаа юм. Дэлхий өөр шинэ бодлого руу орж ирж байна. Дэлхийн энэ бодлого дээр манай хоёр хөрш хаана нь байгаа юм, зүүн өмнөд Ази хаана нь байгаа юм, бид яах ёстой юм, гурав дахь хөрш гэдэг нь ямар утгатай юм гэхчилэн нарийн зүйлүүд их байдаг юм байна. Тангараг өргөөд 30 хонож байна гэдэг бол миний судалж, мэдэх ёстой зүйл их байна. Үнэндээ 30 хоногийн хугацаанд бүх аппаратаа ч харж амжаагүй байна.

Бүтээн байгуулалт ба эрүүл чийрэг, орлого цэрэг

-Төмөр зам, Шинэ сум төслөө эхлүүлнэ. Хөдөө бол бид шинэ сумаа бариад туршилтаа хийчихсэн. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баяндэлэг суманд сая очоод ирсэн. Туршилт бол болсон. Өнөөдөр үүнийг бид төсөв мөнгөгүй байна гээд үргэлжлүүлж чадахгүй байгаа нь арчаагүйдээ ийм байдалтай байгаа юм. Хөгжлийн бодлогоо тодорхойлчихоод тэрийгээ хийхгүй байна. Энэ Засгийн газар тэрийгээ ойлгохгүй байна. Засгийн газар нь уул уурхайн бизнестэй сайдуудтай болчихсон. Тэдэнд бүх юм нь байна. Хувьтай, баян байна. Санаа зовох юмгүй. Тиймээс Засгийн газраасаа хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөсөө сэргээн босголтоо хийе ээ гэж түрүүний ярьдаг маань тэр. Тиймээс зэрэг эхэлнэ. Армиа бүтээн байгуулалтад татаж оруулна. Өнөөдөр Монгол Улсын арми энхтайван байгаа цагт арми яагаад бүтээн байгуулалтад оролцож болдоггүй юм бэ. Яагаад армиараа дамжуулаад эх оронч, эрүүл чийрэг иргэдээ бэлдэж болдоггүй юм бэ. Яагаад армиас халагдахдаа орон сууцны мөнгөтэй халагдаж болдоггүй юм бэ. Яагаад хоёр мэргэжил эзэмшиж болдоггүй юм бэ. Дээр нь цэргийнхээ эрдмийг сурчихсан, гурван мэргэжилтэй тэвхийсэн олон эрэгтэй, эмэгтэй бэлтгэл хүчин байж болдоггүй юм бэ. Энэ мэтчилэн 30 хоногийн хугацаанд олон юм бэлдлээ л дээ.

Банкны хүүг бууруулах асуудлыг ажил болгоно

-ОУВС бол ажлаа л хийж байгаа байгууллага. Монгол Улсад мөнгөө өгчихсөн хүмүүсийн мөнгийг нь буцааж олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх байгууллага. Тэднийг буруутгах аргагүй. Бид тэдэнтэй тулаад ярьдаг мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Өөрсдийгөө хамгаалаад, тэдний тусламжийг яаж авах юм. Бүх хувцсаа ОУВС-аас авах юм уу. Эсвэл ганц гутлаа авах юм уу. Тэр тал дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Энд нам хамаагүй. Зөвхөн Монгол Улс байх ёстой. Харамсалтай нь бид тэрийгээ ярьж чаддаггүй, бэлтгэгдсэн хүн байдаггүй.

Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж уулзсан. Баярсайханыг олон жилийн өмнөөс мэднэ л дээ. Гайгүй боловсон хүчин байгаа юм. Түүнтэй банкны хүүний талаар ярьсан. Жишээлбэл, тэтгэврийн зээлийг ярьж байгаа юм. Тэтгэврийн зээл гэдэг бол баталгаатай мөнгө. Яагаад гэвэл хуульчлагдсан мөнгө. Гэтэл энэ мөнгийг банк яагаад зээл өгөхдөө 2-оос дээш хувь буюу жилийн 24 хувиас дээш хүүтэй өгөөд байдаг юм бэ. Энэ бол эрсдэлгүй мөнгө. Өөрөөр хэлбэл, алтан бөгжөө ломбарданд барьцаалуулахад хүү багатай. Тэрэнтэй адил тэтгэврийн зээл, цалингийн зээл хоёр эрсдэлгүй зээл. Эрсдэлгүй зээлэн дээр банкууд өнөөдөр жилийн 24-өөс дээш хувийн хүүг хүүлээд байна. Үүнийг буулгах ёстой. Би үүн дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гаргачихсан байгаа. Тэр олон ядарсан хөгшчүүл тэтгэвэр авахдаа баярлав гэж. Асуудал байгаа болоод л зээл авч байгаа шүү дээ. Тиймээс тэтгэврийн зээл, цалингийн зээлийн хүүг хуулиар тогтоож өгөх ёстой. Зарим орнууд 16 хувиас дээш хүү бодож зээл олгосон банкинд хариуцлага тооцдог. Жилийн 24 хувиас дээш хүү оногдуулсан бол гэмт хэрэгт тооцдог зэрэг банкуудын мөнгө хүүлэх механизмыг нь хуульчилж өгөөд байна. Тэгэхээр нэн тэргүүнд бид энэ зэрэг асуудлуудыг ярина. Өнөөдөр Монголбанк алтны нөөцөө мэдэхгүй байна. “Монголбанкинд алт олборлогч хэдэн компани нөөцийг чинь зузааруулж байна вэ” гэж асуутал мэдэхгүй байсан. Яагаад гэвэл бид экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй орон. Монголбанкин дээр байгаа алтны нөөцөөрөө валютынхаа нөөцийг тодорхойлж байгаа. Тэгэхээр компаниуд татвараа нуухын тулд хувь хүнээр алтаа тушуулгадаг. Дахиад л гэмт хэрэг.

Ингэхээр алт хулгайгаар хил гарч байгаа. Бүр сүлжээ үүсчихсэн. Энэ нь манай улсын алтны нөөцөд хортой. Өнөөдөр алт гэдэг бол Оюутолгой, Эрдэнэт шиг асар их технологи, хөрөнгө оруулалт зараад байх юмгүй. Миний бодлоор Монгол Улс өөрөө алтаа олборлох ёстой. Яаж вэ гэдэг нь технологийн асуудал. Яагаад Монгол Улс газрын доорх баялгаа Үндсэн хуульд заасны дагуу өөрсдөө мэдэж болдоггүй юм бэ. Яагаад Монгол Улс алтаа олборлоод Монголбанкиндаа тушааж болдоггүй юм бэ. Би “Центра гоулд” гээд компанийн тухай ярьсан. Эд нар толгой эргүүлсэн олон охин компаниуд байгуулаад, өөрсдөө татварын байцаагчтай. Үүнийг нь шүүмжилж, энэ компанийг шалгаарай гэж ярьсан юм. Яагаад гэвэл тэд бүгд өөрсдийн лоббитой. Сэлэнгэ аймаг бол тэр чигээрээ алттай юм билээ. Алтаа өөрсдөө олборлодог улс байя. Ийм орнууд дэлхий дээр их. Алтан дээр хөрөнгө оруулалт хэрэггүй. Хайлуулдаг зуух л хэрэгтэй. Алтаа олборлож байгаа юм бол хайлуулдаг зуух лизингээр ороод ирнэ. Ийм жишээний бодит ажлуудыг хийх санаачилгуудыг гаргана. Ард түмэн намайг дэмжээрэй.

Нэг хүний хараат байна гэдэг дарангуйллын хэлбэр рүү орно 

-Шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон. Цагийн уртад өөрчлөгдөж болно. Гэхдээ хэлэлцүүлгийг хараад байхад зөвхөн төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар өөрчлөх гэж байгаа бол санал нийлэхгүй ээ.

Эрх баригч нар Их хуралд олуулаа. Хоёрдугаарт энэ сонгууль өөрөө но-той сонгууль. Төрийн албан тушаалыг зарж, 60 тэрбумыг босгосон нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Харин үнэхээр ард түмний төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол өөр асуудал. Саяын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээлээ. Тиймээс эрх мэдлийн асуудалд анхаарал хандуулж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй. Өөрчлөлт оруулж болно. Өөрчилж болохгүй юм байхгүй.

Хүн амын төлөөлөл маань УИХ-ын гишүүд. Тэгэхээр гурван сая гаруй хүнтэй болсон бол нэмж болно. Гэхдээ хэлэлцүүлнэ. УИХ-ын гишүүд маань ард түмнээ төлөөлж гарч ирж байгаа. Одоогийн 76 маань төлөөлж чадахгүй тоо байж магадгүй. Санал асуулга явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглал гэж “Замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдэл нүүрлэж байхад хүчтэй хүн гарч ирээд базаасай. Хоёр хөрш тийм байна” гэсэн жишээн дээр байгаад байгаа юм болов уу. Аюулгүй байдал дээр бол нэг хүний хараат байна гэдэг дарангуйллын хэлбэр рүү орно. Дарангуйллаар улс орноо хөгжүүлэх нэг асуудал. Дарангуйллаар өрсөлдөгчөө дарах нэг асуудал. Гуравдугаарт, нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүд нь хэлэлцдэг байгаа тохиолдолд 76 юм уу 99 болсон тохиолдолд бүгдийг нь худалдаж авахад хэцүү. Сая таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Таван толгой орд бол 1970-аад оны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Саяын Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг байсан нэгдмэл санаатай улсууд. Энэ орд өөрөө монголчуудын буюу Үндсэн хуульд заасны дагуу бүх ард түмэнд ашиг нь очиж байх ёстой. Иймээс бид өр зээлээс хол. Тохироод ногдол ашгаараа төлнө гэдэг ч юмуу. Ер нь намуудад шигдсэн хэдхэн гэр бүл энэ ажлыг хийдэг. Тэгэхээр гурван сая иргэд рүү нь оруулъя. Үүний тулд ард түмэн намайг сонгосон гэж би ойлгодог.

Эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой

-Өглөө болгон миний уншиж, дотор харанхуйлдаг мэдээ нөгөө хоёрт очиж л байгаа. Тэгээд яагаад энэ мэдээнүүдийнхээ араас арга хэмжээнүүд авдаггүй юм бол доо. Өнөөдөр намайг Хятадын эсрэг үзэлтэн хүн гээд яриад сурталчилаад байдаг. Энэ бол Гадаад харилцааны сайдын хийж байгаа ажил. Би хятадуудын эсрэг юу ч яриагүй. Зүгээр л нэг улсаас хараат эдийн засаг байна. Бидний эдийн засаг 90 хувь нь урд хөршийнх болчихсон байгааг ярих ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ч ярих ёстой. Ерөнхий сайд ажлаа авангуутаа л дуугарах ёстой. Тэгэхээр бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой. Нэг талын эдийн засаг байгаа тохиолдолд бид хөгжихгүй. Энэ бидний яриад байгаа үндэсний аюулгүй байдлаас хэзээ ч гарахгүй. Жишээлбэл, Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Бид хараат болчихсон байна. Үүнийг мэдээж урд хөрштэйгээ ярина. “Бидний дотоод асуудал руу битгий орооч ээ. Бид танай дотоод асуудал руу ордоггүй шүү дээ. Бизнес хийхдээ харилцан ашигтай байна. Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авж бай” гэж ийм л асуудлыг ярина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж