АНУ-аас Москвагийн эсрэг эдийн засгийн шинэ хориг тавьсны хариуд ОХУ дахь америк дипломатуудын тоог 755-аар бууруулж, нутаг буцаахыг Владимир Путин зарлигдсан юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэрэгт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд талархал илэрхийлсэн байна. Тэрбээр ОХУ дахь АНУ-ын дипломат ажилчдын тоог бууруулснаар багагүй мөнгө хэмнэж өгч байгаад Владимир Путинд талархжээ.
Владимир Путины зарлигаар ирэх есдүгээр сарын 1 гэхэд ОХУ дахь АНУ-ын 755 дипломат ажилтан нутаг буцах ёстой. Ингэснээр ОХУ-д АНУ-ын 455 дипломат үлдэх аж.
Путинтэй найз нөхрийн харилцаатай Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд хууль хяналтынхан сонгуульд ОХУ-аас хөндлөнгийн оролцоо байж магадгүй хэмээн хардаж мөрдөн шалгаж буй. Түүнчлэн Конгрессоос ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьсны нэг шалтгаан нь сонгуульд хөндлөнгөөс оролцсонд Москваг буруутгасных аж. Харин энэ талаар Дональд Трамп ОХУ-ын оролцоог эрс үгүйсгэн “шулмын ан” хийж байна хэмээн хууль хяналтынхныг шүүмжилжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА