“Apple” компанийн тэргүүн Стив Жобс өвчний улмаас компанийн удирдлагаа түр орхив. Сүүлийн хэдэн жилийн дотор тэрбээр гурав дахь удаагаа өвчний улмаас ажлаа завсарлаад байгаа юм. Тэрбээр Apple-ийн бүхий л хөтөлбөрүүдэд оролцож ажиллаж оролцсоор байх нь тодорхой гэсэн ч энэ гунигтай мэдээний улмаас компанийн хувьцааны найман хувиар унав.
Америкийн “Apple Inc” компьютерийн компанийн үндэслэгч бөгөөд гүйцэтгэгч захирал Стив Жобс энэ даваа гаригт компанийн ажилтнууддаа цахим захидал илгээн эмнэлгийн амралт авахаар шийдсэнээ хэлсэн байв. Гэхдээ тэрбээр “Apple”-ийн тэргүүн албан тушаалаа хашсан хэвээр байх бөгөөд компанийн хөгжлийн чухал асуудлуудаар шийдвэр гаргахад оролцоно гэдгээ бас мэдэгдсэн байлаа.
Жобсийг эзгүй хойгуур “Apple”-ийн үйл ажиллагаа хариуцсан гол захирал Тим Кук компанийг удирдах гэнэ. Тэрбээр хичнээн хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байхаа хэлээгүй байна.
Жобс нойр булчирхайн хорт хавдартай болсон гэж 2004 онд мэдэгдэж тухайн жилийнхээ зургадугаар сард хавдраа авахуулсан. Жобсийг эмчилгээнд байхад бас л Кук компанийг удирдаж байсан. Жобс 2009 оны нэгдүгээр сард зургаан сарын эмнэлгийн чөлөө авч байв. Элэг нөхөн суулгуулсны дараа сэргээх эмчилгээ хийлгээд тэрээр ажилдаа эргэн оржээ. Жобс компаниа гэрээсээ удирдаж, конторт нь түүнийг Кук орлож байлаа. “Жобс өвчтэй байхад “Apple” өмнөхийн адил хөгжин зах зээлээ залгисаар л байсан. Энэ удаа ч өөрчлөлт гарахгүй” гэж шинжээчид үзэж дүгнэж байгаа юм.
Гэсэн ч түүний өвчний мэдээг хөрөнгө оруулагчид тун таагүй хүлээн авав. Даваа гаригийн арилжаагаар компанийн хувьцааны үнэ найман хувиар унасан байна. “Жобс мөнх биш. Гэхдээ л компанийн амжилт нь түүний нэртэй холбоотой” гэж шинжээч хэлжээ. Үүний хажуугаар Жобс ажлаа орхиж магадгүй тухай ихээхэн яригдаж байна. Нэгдүгээр сарын эхээр “Apple”-ийн удирдлага хувьцаа эзэмшигч нартаа хандан Гүйцэтгэх захирлыг томилох үйл ажиллагааг нууцлахыг гуйж байв. Гүйцэтгэх захирлын нэрийг урьдчилан зарласнаар өрсөлдөгчид нь тэр хүнийг урвуулан татах оролдлого гарч магадгүй хэмээн компани тайлбарлаж байжээ. Компанийн гүйцэтгэх захирлыг солино гэсэн албан ёсны яриа одоогоор байхгүй байгаа.
“Apple”-ийн хувьцааны уналт нь ямар ч тохиолдолд түр зуурын үзэгдэл гэж шинжээчид онцолж байна. “Энэ бол зөвхөн дамлангийн түр үзэгдэл. Хэсэг хугацааны дараа компанийн үнэлгээ эргэн зохицуулагдах болно” гэж тэдний нэг хэлэв.
Мягмар гаригт “Apple” энэ санхүүгийн жилийн эхний улирлын тайланг гаргах байх ёстой. Шинжээчдийн дүгнэж байснаар компанийн орлого жилийн үзүүлэлтээрээ нэг хувьцаа нь 3,67 ам.доллараас 5,38 болон өсч, орлого нь 55 хувиар нэмэгдэн 24,3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Компанийн ажил үйлс ойрын 10 жилдээ амжилттай байх бөгөөд технологи байрандаа зогсоогүй, шинэ санаа оноогоор дутагдана гэх аюул “Apple”-д байхгүй. Билл Гейтс гэхэд л аль эрт “Microsoft”-ийн удирдлагаа орхисон. Компани нь салбартаа тэргүүлсээр л байгаа бус уу.
Ш.САМБУУ