Пентагон Хойд Солонгосын пуужингийн байгууламжуудад урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөөг боловсруулаад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалыг хүлээн бэлэн байгаа ажээ гэж NBC News өөрийн эх сурвалжийн мэдээнд үндэслэн дамжуулжээ.
Тэдний хэлснээр цохилтын бай нь хориод пуужингийн байгууламжууд ба туршилтын талбай, туслах байгууламжууд болох ажээ.
Цэргийн өндөр тушаалын хоёр ажилтан, чөлөөний хоёр ахлах офицер мэдээлэхдээ, цохилтыг Гуамын арал дахь АНУ-ын Нисэх хүчний Андерсен баазаас B-1B ангиллын хүнд бөмбөгдөгч онгоцнууд хийх гэнэ.
B-1 онгоцнууд тавдугаар сарын сүүлчээс хосоор нийт 11 сургуулилтыг хийсэн байна. Сургуулилт идэвхжиж байгаа гэнэ. Бодит нөхцөлд цөмийн биш бөмбөгдөгч онгоцнуудыг хиймэл дагуул ба нисгэгчгүй аппаратууд дэмжих бөгөөд тэднийг сөнөөгч онгоцнууд ба шатахуунаар цэнэглэгч, радио цахим ажиллагааны онгоцнууд дагалдах юм.
Хойд Солонгосоос 3000 км-ын зайтай Гуамын аралд одоогоор B-1B Lancer зургаан бөмбөгдөгч онгоц байрлаж байна.
Үүний өмнө Хойд Солонгосын Ардын армийн командлал Номхон далайн Гуамын арал дахь Америкийн цэргийн баазад урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөөг наймдугаар сарын дундуур дуусгаж байгааг мэдээлсэн байв. Түүний дагуу дунд тусгалын “Хвасон-12” гэх дөрвөн баллистик пуужинг харван турших бөгөөд тэд Японы Симанэ, Хирошима, Коти мужуудын дээгүүр нисэн 3,4 мянган километр замыг туулаад Гуамас 30-40 километрийн зайд унах гэнэ.
Мягмар гаригийн шөнө Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр шинэ хориг тавигдсаны хариуд “биеийн хүчний” чадлыг харуулна гэж занал хийсэн байв. НҮБ-ын тогтоолыг “террорист ажиллагаа” гэж Пхеньян нэрлэсэн байв.
Наймдугаар сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг хоригийг чангатгасан тогтоолыг баталсан юм. Одоо Хойд Солонгост төмөр, цайр, тугалга, далайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон ба Хойд Солонгосын Гадаад худалдааны банкны данснуудыг битүүмжилжээ. Хойд Солонгосын хөлөг онгоцнуудад дэлхийн ямар ч орны боомтуудад орохыг хоригложээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР