Шүүх хурлыг нээлттэй хийхийг санал болгосон

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Шүүх хурлыг нээлттэй хийхийг санал болгосон

“Онги голынхон”  хөдөлгөйөний тэргүүн, Монголын гол нууруудын холбоо болон “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

-Та бүхэн энэ жилийн цагаан сарыг “Төр түмэнтэйгээ золгох жил” болгон тэмдэглэхийг олон ний­тэдуриалж байгаа юм байна. Мон­голын уламж­лалт баяр ца­гаан сараа тө­рийн тү­шээд­тэй­гээ хамтдаа тэм­дэг­лэх санаа чу­хам юунаас төрөн гарсан бэ? Урьд өмнө нь бид төр засгийн тэр­гүү­нүүдийг есөн давхар хэ­вийн боов өрж, тарган ууц тавь­­сан ширээний ард суугааг нь зурагтаар хардаг болохоос хамт­­даа шинэлж байсангүй. Та бүх­ний санаа биелэх болов уу?

-Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлт­нүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Гал үн­дэс­тэн” холбоо байгуулагдаад тун удаа­гүй ч хүмүүс маш олноор биднийг дэм­жиж байна. Сүүлийн хоёр гурван жил монгол түмний минь хувьд хатуухан он жилүүд байлаа. Эх орны маань өнцөг булан бүрд харийнхний нүд унаж, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул занал ирлээ. Ноднин жилийн цас зу­дын хар мөр одоо ч арилаагүй байна. Ийм нөхцөлд айл болгон тавгийн идээ, ууц шүүсээ бэлдэх гэж байдгаа барж байна шүү дээ. Тиймээс л хатуухан он жилүүдийг туулсан нь үнэн юм чинь заавал өөрсдийгөө хүндрүүлж, өрх гэртээ “хямарч” суулгүйгээр түмний төлөөлөл болсон төрийн түшээддээ золгоё гэсэн санаа төрсөн хэрэг. Тэд  амьд­ралын боломж бололцооны хувьд бид­нээс хувь илүү. Тэгээд ч монголчууд сар шинийн өдрүүдэд урьд оныхоо алдаа оноог хэлэлцэн цайруулж, хар бу­руу санаагүйгээр шинэ ондоо ордог сай­хан уламжлалтай. Тиймээс хадаг барьж очсон түмэн олонтойгоо хөөрөг зөрүү­лэн, зөв буруугаа ярилцах байх гэж найдаж байгаа. Бид тэдний хийж буй үйл, хэлж буй үгийг нь дутуу ойлгоод ч байж болно шүү дээ.

-Төрийн түшээдийн хувьд хаана амь­дар­дагийг нь нэгбүрчлэн мэ­­­­дэх­­­гүй юм. Хүмүүсийн дунд УИХ-ын гишүүд хот орчмын но­гоон бүсэд орд харш бариулан тухал­даг гэж ярилцах юм билээ. За­рим нь хэд хэдэн газарт хаус­тай гэдэг. Харин төрийн гурван өндөрлөгийн хувьд харуул хам­гаалалт, хашаа саравч бол­сон ор­донд аж төрдгийг хэн хүн­гүй мэднэ. Тэдэнтэй золгох сонир­холтой олон хүн бүртгүүлж бай­гаа гэ­лээ. Тэр олон хүнийг Их тэнгэрт нэвт­рүүлнэ гэдэгт ит­гэлтэй байна уу?

-Харин яах нь вэ гэдгийг л үзмээр байна. Бид буу шийдэм агсаж, буруу санаа өвөрлөж очихгүй. Түмнээ төлөө­лөн төр түшиж буй мяндагтнууд эгэл ард олноо  хадаг бариад очиход нь хөөгөөд буцаахгүй байх гэж найдаж байна. Төрийн түшээд хаусанд аж төрдөг нь үнэн юм бол эгэл биднийг багтаачих хэмжээний орон зай олдох биз ээ. Үнэхээр бидэн шигээ давчуу, жаахан орон гэртэй байсан ч хуваагдаад ч болтугай ороод золгоно доо.

-Их сонин санаа дэвшүүлжээ.  “Онги голынхон” хөдөлгөөн бай­гуулагдаад бараг арваад жил болжээ. Энэ хугацаанд зарим нэг хөдөлгөөнийхөн шан­тарч, няцаад тэмцлээ зогсоосон бол зарим нь аль хэдийн нам ба­раад­сан байх юм. Та бүхнийг өнөөг хүртэл хурцлаад байгаа зүйл нь юу вэ?

-“Онги голынхон” хөдөлгөөнийг уул усны заяа тавилан нэгтэй хүмүүс анх байгуулж байсан юм. Гурван аймгийн найман сум дамжин урсдаг байсан Онги гол орвонгоороо эрэгсэн тул харамсаж халаглахдаа энэ хөдөлгөөнийг байгуул­сан. Намайг хүүхэд байхад манайх сумын төвөөсөө 28 км-ын зайд нутаг­ла­даг байсан юм. Би гэдэг хүн өвлийн цагт тэшүүрэн унаатай. Голоо өгсөж гул­гаад л гэртээ харина, уруудаж гул­гаад сургуульдаа ирчихнэ. Зуны гур­ван сар Онгийн усанд шумбаж өс­сөн. Тэр ариун дагшин ус гол маань нү­дэн дээр ширгэн үгүй болоход харам­сахгүй байж чадаагүй. Бусад гол нуурын хө­дөл­гөөнийхөн ч яг ийм л байдлаас болж хөдөлгөөн байгуулсан байдаг. Бид­­ний тэмцэл гол усаа ширгээхгүйн төлөө, ширгэснийг нь сэргээхийн тө­лөө эхэлсэн. Сүүл сүүлдээ энэ бол төр засгийнхны гаргасан шийдвэрээс бүх зүйл шалт­гаална гэдэг нь харагдсан. Тиймээс “Гол, мөрний урсац бүрэл­дэх эх, усны сан бүхий газрын хамгаа­лалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориг­лох тухай хууль”-ийг гаргахад санаач­ла­га­тай оролцсон. Хууль батлагдаад л бүх юм сайхан болно гэж бид итгэж бай­лаа. Гэтэл хууль нь батлагдсан ч хэрэг­жүүлэхгүй жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хичнээн сайхан хууль батлаад ч бие­лүүлэхгүй бол уриа лоозонгоос хэт­рэхгүй. Тэгэхээр зөвхөн төр засгийн бод­лого нь бус төр бүхэлдээ өөрчлөгдөх ёс­той гэдэг нь харагдаж байна. Тиймээс эх орон, гал голомтоо гэсэн найман бүл­хэм нийлж “Гал үндэстэн” холбоог бай­гуулсан. Бид төр засгийг өөрчлөх  хүрт­лээ тэмцэх болно.

-Тэмцлийн эхлэл нь өнгөрсөн намрын явдал байх нь ээ. Сэлэнгэ айм­гийн Мандал суманд чухам юу болсон юм бэ. Заавал буудах хэ­рэг­тэй байсан уу. Та бүхнийг мөрөө буруулан зугтаж явахдаа бичиг баримтаа гээсэн байсан гэсэн цуу тарсан. Өнөөг хүртэл тэнд чухам юу болсныг мэдэхгүй хүмүүс олон байна?

-Манай “Гал үндэстэн” холбоо хэд хэдэн шат дараатай арга хэмжээ авсан. Анх 2010 оын долдугаар сарын 2-ны өдөр найман зүйл бүхий шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн. Улс үндэстний язгуур эрх ашиг хөндөгдөхөд хүрсэн тул урт нэртэй хуулийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхийг сануулсан шаард­лагынхаа төгсгөлд хуулийг долдугаар сарын 16-ны дотор хэрэгжүүлэхгүй бол нийтээр босон тэмцэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл төр засгийн зүгээс ямар ч хариу өгөлгүй есдүгээр сарын 2-ныг хүргэсэн. Бид тэмцлийнхээ эхлэлийг Пураам, Сентарра гоулд компаниас эхэлсэн тэр өдөр бол 2010 оын есдүгээр сарын 2-ны өдөр байсан. Бид нууц далд хулгайн аргаар  тэмцээгүй. Эхэлж компанийн удирдлагуудад, дараа нь ажилчдад нь мэдэгдэж байгаад буу тавьж, техникүүдийг нь зогсоосон. Энэ бол бидний эртнээс төлөвлөсөн “Оч хаях” ажиллагаа байсан юм. Бид оч хаях ажиллагааг эхлүүлэхээсээ гурван сарын өмнө буюу зургадугаар сарын 24-ний өдөр Сентарра гоулдын захирал Жон Казаковт байгаль орчинд учруулж буй сүйтгэлээ зогсоо, хүн, мал, амьтанд учруулсан хохирлоо барагдуул гэсэн шаардлагыг тавихад “Та бүхний тэмцэл үр дүнд хүрэхгүй. Тэр урт нэртэй хууль ч хэрэгжихгүй. Учир нь уул уурхайн компаниуд болон Уул уурхайн ассоциацитай хамтран танай төр засгийнхныг хэдийнэ лоббидсон” гэсэн тайлбарыг хэлсэн. Ж.Казаковын мэдэгдлийг бид баримтжуулж авсан.

-Яагаад Пураам, Сентарра гоул­дыг сонгож “оч хаясан” хэрэг вэ?

-Сэлэнгэ  аймгийн Мандал сумын ну­таг Гачуурт, Буданчийн гол, Ноён уулын бэлд эдгээр компаниуд олборлолт хийж бай­гаа. Эл нутаг бол Монголын тулгар төрийг үүсгэн, улсынхаа гал голомтыг бадраасан ариун дагшин газар. Түүх сөхөн харвал эл нутаг нь Хүн гүрний голомт төдийгүй Хидан гүрний мандан бадарсан өлгий байдаг. Тиймээс л бид тэр нутгаас тэмцлээ эхэлсэн. Өнөөдөр Гачуурт, Буданчийн гол ширгэн үгүй болж, ард олон мал ахуй нь хүртэл ундны усгүйдсэний дээр  Хонгорын хоёр дахь түүх тэнд давтагдаж байна. Дээрх нэр бүхий компаниудын  байгаль орчинд учруулсан хохирол арав гаруй тэрбумаар тооцогдож байгаа. Тиймээс ч бид Улсын мөрлөн байцаах газарт эдгээр компанийг шалгуулахаар өргөдөл өгөөд байгаа. Ж.Казаков яллагдах нь гар­цаагүй. Харин манай хуулийнхан тэд­нийг биш биднийг айлган сүрдүүлж байх зуур гэмт этгээд оргон зугтаж Паушокийн түүхийг давтах вий гэсэн болгоомжлол төрөх боллоо.

-Пураам, Сентарра гоулдынхан та бүхнийг бусдын эд зүйлд халдсан хэргээр гомдол гарган, эрүү үүсгээд байгаа. Энэ хэрэг ямар шантандаа яваа вэ?

-Уул уурхайн компаниудын хэргийг шийдээгүй хэр нь биднийг буруутгах гэж маш их хичээж байгаа нь нууц биш. Уг нь бидний хэрэг бол олон нийт болон төр нийгэмд аюултай үйл ажиллагааг таслан зогсоосон хэрэг шүү дээ. Эрүүгийн хуулинд энэ тухай тодорхой заалт  бий. Гэтэл гүйцэтгэх байгууллагынхан тэр талаар судалж үзэхийг ч хүсэхгүй байна.

-“Гал үндэстэн” холбооноос Зас­гийн газар болон эрх баригч на­муу­дыг шүүхэд өгөөд байгаа. Зас­гийн газрыг шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан нь ямар учир­т­ай юм бол?

-Засгийн газрыг хууль хэрэгжүүлэхэд санаачлага гаргаагүй, эс үйлдэлд нь Шүүхэд хандсан байгаа. Шүүх хурал өнгөрсөн оны төгсгөлөөр болох байсан ч хариуцагч тал материалаа гүйцэд өгөөгүй гэх шалтгаанаар 30 хоногийн хугацаатай хойшлоод байгаа. Нэгдүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэгт болох Засгийн газрыг Шүүх хурлыг нээлттэй хийхийг бид санал болгосон. Одоогоор хаиу өгөөгүй байна. Харам­сал­тай нь уг хуралд Засгийн газрын тэр­гүүн ч, гишүүд ч оролцохгүй. Итгэмж­лэгдсэн төлөөлөгч нь л ирэх юм билээ. Мөн эрх баригч хоёр намыг Дээд шүүхэд өгсөн. Улс үндэстнээсээ урвасан, ард олныг хагалан бутаргасан гэсэн үндэслэлээр АН,МАН хоёрыг татан буулгах өргөдлийг өгөөд байгаа.

-Төрийг өөрчилнө гэхээр төрийн эргэлт гэдэгтэй дүйж сонсогдоод байх юм. Та бүхэн хэрхэн яаж өөрч­­лөхөөр зорьж буй юм бэ. 2008 оны долдугаар сарын 1 шиг үймээн гарах вий гэж бол­гоомж­лох сэтгэл төрж байна?

-Төрийн эргэлт ч гэх үү, юү гэж нэрлэхийг мэдэхгүй юм. Ямартай ч бүтэн өөрчлөлт хийх цаг болсон. Яг ингэж өөрчилнө гэж эртнээс хэлэмгүй байна. Мөн ирээдүйд ингэнэ, тэгнэ гэсэн амлалт ч өгөхгүй. Гэхдээ л өөрчлөхгүй бол мөхөлд ч хүрч мэдэхээр эгзэгтэй үед ирээд байна. Хэрэвзээ нэгдэж чадвал мандан бадрах зам байна. Эх орноо дэвжин дээшлүүлэхийн тулд айж, эмээж болохгүй. Айдас бол бидний их үйлд чөдөр болно. Би монголчуудынхаа саруул ухаанд найд­даг. Бидний тэмцлийн үнэн мөнийг ойл­го­сон хүмүүс олноороо нэгдэж байгаа. Монголчууд маань гадаад дотоодын харь санаатнуудын булхайг төдийлөн таниагүйгээс будилж буруутаж явна. Тиймээс бид “Гал үндэстний дууд­лага” зохион байгуулж байгаа. Ба­руун дөрвөн аймаг, Налайхад очиж, хү­мүү­сийн санаа бодлыг сонслоо. Монгол­чуудынхаа сэтгэлийн галыг бадрааж, нэгэн зүгт чиглүүлж чадвал төрд өөрч­лөлт хийх нь алга урвуулахын дайтай зүйл л дээ. Өөрчлөлт гэдгийг би зөвхөн өнгө будгийн төдий хэлэгүй юм шүү. Улс орон маань харийнхны шунахай бод­лого, тэдний гар хөл болсон улс­төрч­дийн балгаар хэдийнэ хэвтэрт ор­чихоод байна. Тиймээс эгэл жирийн ир­гэд бид нэгдэж мандан бадраах цаг ирс­эн. Эс тэгвээс мөхөл ойрхон байна.

-Гадныхны гар хөл болсон улс­төрчид гэхээр эрх баригчид са­наанд орж байна л даа. Төр, зас­гийн эрх баригчдын өөдөөс тэм­цэх нь муурын сахлаар тоглох хул­га­ны үлгэртэй адил шүү дээ. Тиймээс ч тэмцэхээр гарч ир­сэн олон хүмүүс зориг мохон буц­даг.  Зарим нэг хөдөлгөөний тэргүү­нүүд нь нам хүчин бараадан, албан тушаалын шагнал хүртээд таг болдог шүү дээ. Таныг тэднээс ял­гаат­ай гэдэгт итгэлтэй байж болох уу?

-Энэ тухай надаас олон сэтгүүлч асуусан. Би ч олонтаа хариулсан бо­ловч хүмүүст хүрэхгүй юм. Анх Онги гол хөдөлгөөнийг байгуулсан түү­хээсээ дээр цухасхан дурдсан. Онги гол бохирдож, нутаг орныхон маань өв­дөж шаналж, идэрмэгхэн хүмүүс хүр­тэл хорвоог орхиж байлаа. Тэр аюу­лыг манай гэрийнхэн ч биеэрээ амс­сан. Хүүхдүүд шар өвчин тусч, ээж маань насан эцэслэсэн. Тийм гашуун зовлонг умартан, урваж хөрвөх сэтгэл надад төрдөггүй. Тэгэх ч эрхгүй. Ир­гэ­ний хөдөлгөөн нэрээр гарч ирээд ня­­цаж, буцсан хүмүүсийг буруутгах нь хаашаа юм. Ямартай ч иргэний зо­риг гарган тэмцэлд уриалсан нь сайн хэ­рэг. Харин цаг хугацааны шалгуурт уна­сан нь харамсалтай. Байгаль орчноо хам­гаалахаар зориг шулуудсан биднийг улс төр, эдийн засгийн ашиг сонирхолд авт­сан гэж хэлэх хүн харин үгүй байх аа.

-Танай холбооныхон байсгээд л хэв­лэлийнхэнд ханддаг. Мөн хө­дөө орон нутгаар их явах юм. Ингэ­лээ гээд хүмүүст нөлөөлж чад­даг уу. Хөдөө орон нутгаар явж хүмүүстэй уулзах, хэвлэлийн хурал хийхэд ч хөрөнгө мөнгө орох нь мэдээж. Тэр бүгдийг хэр­хэн зохицуулж байна вэ?

-Ихэнх тохиолдолд олны дэмээр явж ирсэн. Болохгүйдээ хүрвэл хормой хотоо тэмтэрнэ шүү дээ. Хүмүүс байр орон сууцаа томруулахыг илүүд үздэг бол би багасгаж сольдог болсон. Ер нь бол биднийг ойлгож дэмждэг олон хүн бий. Монголын хэвлэлийн хүрээлэн л гэхэд мэдээлэл хийхэд хоёр ч удаа үнэ хөлсийг нь чөлөөлж байсан. Энэ мэт сайн санаат хүмүүсийн буянаар явж ирсэн.

-Яг үнэнийг хэлэхэд амьдралаа хоёр­дугаарт тавих хүн төдий л олонгүй шүү. Таны гэр бүлийн­хэн дургүйлхдэггүй юү?

-Үгүй дээ. Одоо дассан. Хүмүүс ийм муухай бусармаг зүйл хийж бай­гааг харсаар байгаад зүгээр сууна гэ­дэг өөрөө том нүгэл. Гомдох, залхах, шантрах эрх байхгүй.

-Ажиглаад байхад монгол эрчүүд илүү нутгархаг байдаг шиг са­нагд­даг. Тэр дундаа ахмад наст­нууд маань уул усандаа ойр байсан болохоор та бүхнийг ойл­гож, дэмжих нь олонтаа юм уу даа?

-Эрчүүд ч гэхгүй нутаг орныхоо төлөө эмэгтэйчүүд ч тэмцэж байна. Харин ч хүүхнүүд илүү дайчин байдаг юм билээ. Хэд хэдэн жишээ үүнийг баталсан. Заамарт болсон тэмцэлд жирэмсэн бүсгүй хүртэл оролцож байсан. Харам­салтай нь хамгаалалтынхан түүнийг өшиглөснөөс үр нь зулбасан. Манай хол­бооны  гишүүдийн хувьд залуучууд цөөнгүй хувийг эзэлдэг.

-Хамгаалалт гэснээс төр, зас­гийн­хан та нараас илүү хамгаа­лалт­тай, бас мөнгөтэй шүү дээ. Тэгээд ч тэр хамгаалалтад гарч байгаа цэрэг цагдаа нар чинь бас л монгол хүмүүс. Тэгэхээр дээд­сүүд далдхан нуугдаж, эгэл борчууд л хоорондоо тэмцэлдээд байдаг хэрэг биш үү?

-Тийм ээ, цэрэг цагдаагийнхан ч мон­гол хүмүүс. Тэдэнд ч төрж, өссөн дов толгод, уул ус  бий. Мөрдэсэнд амаа таглуулсан л болохоос биднийг дэмждэг хүмүүс тэдний дотор олон байгаа. Тий­мээс хүчний байгууллагынхан бид­ний өөдөөс тэмцэхгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал их сургамж болсон. Тиймээс эгэл ардынхаа өөдөөс гал нээх бодол  хүчнийхэнд дахин төрөхгүй гэдэгт итгэж байгаа. Гэхдээ аль болох буу шийдэмд тулахгүйгээр өөрчлөлт хийхийг хичээж байна.

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Хуульд заасан бүсэд мянга гаруй аж ахуйн нэгж хамрагдаж, тэдэнд 7,1 их наяд төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр яригдаж байна. Энэ их мөнгө Монголын төрд байхгүй, өгсөн ч татвар төлөгчдийн ха­лаас­наас л гарна шүү дээ?

-УИХ, Засгийн газрынхан ийм л халхавч үг хэлж, хуулийг хэрэг­жүү­лэхгүй байна. Учир нь уул уурхайн сал­ба­раас халаасаа зузаатгадаг гишүүд цөөн­гүй. Засгийн газрынхан бол тэр чигтээ эсрэг үзэлтнүүд болсон. Ерөн­хийлөгч ч цэвэрхэн хүн биш. Ин­гээд бодохоор итгэх хүн алга. Уг нь Монголын төр уул уурхайн ком­па­­ниу­дад мөнгө төлөх биш, нэхэх эрх­­тэй. Учир нь эх орны өнцөг бу­лан бүрт байгалийн унаган төрх алдагд­сан. Түүнийг мөнгөөр хэмжвэл ком­па­ниудын нэхэмжлээд байгаа мөнгөнөөс давсан тоо гарна.

-Компаниудыг хөөн гаргахад тэд­ний орон зайг улсад нэг ч төг­рө­гийн татвар төлдөггүй нинжа нар эзэлчих магадлалтай гэх юм?

-Нинжа нараас газраа хамгаалах арга бий. Тэдгээр газрыг Улсын онц чу­­хал объектийн жагсаалтад авч, цэ­рэг цагдаагаар хамгаалуулчихвал нин­­­­­­жа нар нэвтрэхгүй. Урьд нь Ц.Эл­бэг­­­дорж Заамарын хөндийг тийн хам­­гаалж байсан. Харамсалтай нь өөрс­­дийнх­нөө­сөө хамгаалаад Паушокт л алд­чихсан бо­ло­хоос.

Биднийг ийн ярилцаж байхад ахмад хуульч С.Жавзмаа гуай хүрэлцэн ир­сэн юм. Тэрбээр өөрийн санал бод­л­оо илэрхийлэхдээ “Би өнгөрсөн жил 10 гаруй аймгаар явж, бодит байд­лыг газар дээр нь үзлээ. Үнэхээр нүд халтирмаар болжээ. Урт нэртэй хуу­­лийг хэрэгжүүлэхэд гарч буй нө­хөн төлбөрийн хэмжээг төтвөр төлөгч­дөөс авах бус тухайн уул уурхайн ком­паниудад тусгай зөвшөөрөл, лицензийг нь олгосон хүмүүсээс л гаргуулах учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хүн аюулгүй орчинд амьдрах ёстой” гэж заасан. Үүнийг л хамгийн түрүүнд баримтлах учиртай. Бид энэ талаар УИХ-ын даргад хандсан боловч өнөөг хүртэл хариу өгсөнгүй” хэмээн өгүүлж байлаа.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж