Оны өмнөхөн бусдын эд хөрөнгийг залилж, хулгайлсан, улсын төсвөөс хувьдаа завшсан, хүний аминд хүрсэн гэхчлэн улсад болон иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 13 монгол иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл саяхнаас 12 иргэнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ. Одоогоор интерполоор 33 настай Б.Энхмаа гэгч Монгол Улсын нэг л иргэнийг олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж буй юм.
Эрх зүйн зохицуулалтаараа Интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээллийг татах хүсэлтийг анх хайх санал гаргасан хуулийн байгууллага Монгол Улс дахь Интерполын үндэсний товчоо болох Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргад тавьдаг аж. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар шууд олон улсын Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт гаргаж, эрэн сурвалжлагдаж байсан иргэдийн мэдээллийг авхуулах эрхтэй.
Дээрх дөрвөн эрх бүхий субъектийн чухам хэн нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, наймхан сарын өмнө олон улсад эрэн сурвалжлагдаж байсан 12 иргэн нэрийг татуулав гэдэг тодорхойгүй байна. Жишээлбэл, төмөр замын хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан АНУ-ын иргэн гэх Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоос эрэн сурвалжлахаа зогсоожээ. Энэ нэр бүхий хоёр этгээдийг Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад багагүй хугацааг өнгөрүүлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр хуулийнхан хэргийг удаашралтай байна хэмээн үзэж тэднийг албадан авч ирэх тухай асуудал үүсч байв. Харин УИХ-ын сонгууль давхацсан учраас ажиллагааг хойшлуулсан. Гэтэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад яагаад, ямар шалтгааны улмаас Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлахаа больсон нь анхаарал татав.
Интерполоор эрэн сурвалжлагдсан хамгийн сүүлийн Монгол иргэнээр О.Элбэгжаргал, Б.Нарантуяа нар 2016 оны төгсгөлд нэрлэгдэж байлаа. Булган аймгийн харьяат 25 настай О.Элбэгжаргалыг хулгайн хэрэгт, 40 настай Б.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэж ийнхүү дэлхий даяар эрэн хайж байв.
Дээрх хоёр иргэнээс гадна олон улсын Эрүүгийн цагдаагийн газраас Интерполоор Монгол Улсын иргэн Н.Энхтуяа, Б.Хуяг. Т.Билэгт, Т.Аятунгаа, Б.Солонго, Т.Анез гэх зургаан хүнийг 2011 оноос эхлэн эрэн сурвалжилж байлаа.
ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч.ГАНБАТЫГ ЭРЭХ АЖИЛЛАГААГ ХЭН ЗОГСООВ?
Төсвийн их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт сэжиглэгдсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилсан. Тэднийг их хэмжээний мөнгө шамшигдуулан оргон зайлсан хэрэгт буруутгаж байв. Мөн энэ хэрэгт холбогдуулан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, ‘Монголын төмөр зам’ ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас өнгөрсөн 2016 оны намар баривчлан саатуулж, дараа нь батлан даалтад гаргасан билээ. Түүний хамт БНСУ-ын иргэн, “Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Гиол, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэлтсийн дарга З, “Бизнес Имблоёд” компанийн Б нарыг мөн хорьж, шалгасан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т заасан залилангийн хэргээс гадна Эрүүгийн тусгай ангийн хуулийн 166.2-т зааснаар мөнгө угаасан хэрэгт давхар сэжиглэн шалгасан. Энэ хэргийг мөрдөх ажиллагааг одоо ч Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг явуулж, холбоотой этгээдүүдээс мэдүүлэг авч буй тухайгаа эх сурвалжууд мэдээлэв. Гэхдээ хэзээнээс, ямар шалтгаанаар эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон Ч.Ганбатыг олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоов гэдэгт хариулах хүн алга.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЬ ХАНГАГДВАЛ МЭДҮҮЛЭГ ӨГӨХ П.БАТ-ЭРДЭНЭ ХААНА ЯВНА?
Дээрх баривчилгааны хамт Б.Батзаяагийн зөвлөх “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байдаг. Гэвч баривчлах тушаалын сургаар Ч.Ганбат Сингапур улсаас АНУ руу зугтсан юм. Тиймээс түүнийг Цагдаагийн ерөнхий газар интерполд хандаж, эрэн сурвалжлуулахаар болсон. Мөн түүнтэй хамт “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг одоогоос хоёр жилийн өмнөөс интерполоор хайж эхэлсэн билээ. Энэ үед АНУ-ын тал интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбатыг баривчлахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ Монголын хуулийн байгууллагынханд илэрхийлсэн байдаг. Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн юм.
ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭРЭН СУРВАЛЖЛАГДСАН Н.ЭНХТУЯА
Өдгөө 56 настай Н.Энхтуяа нь интерполоор эрэн сурвалжлагдаад зургаан жил боллоо. Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын төрсөн дүү гэдгийг олон нийт сайн мэднэ. Тэрбээр одоо Сингапурт улсад орогнож байх магадлалтайг албаны зарим эх сурвалж ярив. Англи, Орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн Н.Энхтуяаг экс Ерөнхийлөгч ахтайгаа нийлж улсын их хэмжээний хөрөнгийг хувьдаа шамшигдуулан эх орноосоо оргон зугтсан хэмээн хуулийнхан буруутгаж, дэлхий даяар хайж эхэлсэн ч олоогүй. Гэхдээ түүнийг мөн л Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, мэдээллийг нь www.interpol.com сайтаас авчээ.
Н.ЭНХБАЯРЫН ТУСЛАХЫН АХ Б.ХУЯГ БАРИГДААГҮЙ
1978 онд төрсөн Б.Хуяг гэх залууг Интерполоор эрэн сурвалжлах болсон шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах Б.Тулга гэх залуугийн төрсөн ах энэ залууг Н.Энхтуяагийн хамт мөнгө завшиж, оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжлаад таван жилийн хугацаа өнгөрч байна. Тэрбээр Монголд байхдаа “Хар дун” гэх компанийн захирал байжээ. Түүний хувьд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор ‘Өргөө’ зочид буудлыг өөрийн ‘Хар дун’ компанид шилжүүлсэн нь түүнийг эх орноосоо дайжихад хүргэжээ. Б.Тулга одоо хаана орогнож буй талаарх таамаглал, түүнтэй холбоотой мэдээллийг цагдаагийнхан нууцалсаар байна. Хуулиараа интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн талаарх шинэ мэдээлэл, баримт болоод өмнө нь хэдэн хүнийг хайж байсан зэрэг нь нууцын зэрэглэлтэй байдаг юм.
Д.СҮРЭНХОР ТЭРГҮҮТЭЙ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛУУЛСАН ХҮМҮҮС
Цагдаагийн ерөнхий газар Интерполд гишүүнээр элсээд 26 жил болжээ.
Интерполын гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж буй хүний тухай олон нийтэд мэдээлэх ёсгүй бөгөөд зөвхөн хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй гэдгийг энд онцолъё.
Интерполд элсэн орсноос хойш Монгол Улсаас олны танил анхаарлын төвд байсан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн болон иргэдэд их хэмжээний хохирол учруулсанд тооцогдсон Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, 90 саяын гэх тодотголтой их хэмжээний мөнгө залилсан Т.Гансүх, удаа дараа улсын хил зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг мөн л энэ шугамаар эрэн сурвалжилж, саатуулан, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн билээ.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд Монгол Улсын 30 иргэн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нь хамгийн өндөр тоо гэнэ.
Холбоотой мэдээ