Энэ онд нэг хүүхэд гадаад руу үрчлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Энэ онд нэг хүүхэд гадаад руу үрчлүүлжээ

Энэ онд нэг хүүхэд гадаад руу үрчлүүлжээ

Гадаадын улс оронд үрчлүүлсэн монгол хүүхдүүд өнгөрсөн сард эх орондоо ирж, унаган байгаль, төрсөн газрынхаа сонин сайхантай танилцаад буцсан. Гадаадын улсад үрчлүүлсэн хүүхдийн асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газрын Харьяатын газрын дарга Б.Хатантуул дараах мэдээллийг өгч байна. 

-Гадны гэр бүлд өөр улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх талаар товч мэдээлэл өгнө үү?

-Үрчлэлтийн тогтолцоо, түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, түүний үндсэн эрх олон улсын эрх зүйд нийцэж байгаа талаар баталгаа бүрдүүлсэн, эх оронд нь зохих ёсоор асран халамжлах боломжгүй бол үндэстэн дамнан үрчлүүлэхийг хүлээн зөвшөөрдөг ба хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад хүүхэд үрчлүүлэхэд дагаж мөрддөг хэм хэмжээг адил хэмжээнд хангах ёстой. Энэ зорилтыг хангах үүднээс шаардлагатай бол хоёр талт буюу олон талт гэрээг байгуулдаг.

-Монгол Улсын харьяат хүүхдийг Гадаадын иргэнд үрчлүүлэх эрх зүйн зохицуулалтын талаар тодруулмаар байна?

-Монгол Улс “Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенци болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид тус тус нэгдэн орсон. Уг конвенциудаар үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн орнуудын үүрэг хариуцлага, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг.

Эдгээр конвенцийг удирдлага болгон Гэр бүлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны хамтарсан тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”-аар Монголын харьяат хүүхдийг Гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулж байна.

-Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлсэний дараа танай байгууллага хүүхдийн араас хэрхэн ямар хяналт тавьдаг вэ?

-Үрчлэгдсэний дараахь хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу 2 буюу 3 талт гэрээг үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай байгуулдаг. Гэрээгээр үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцлөөр хангах, хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй, хүүхэдтэй хэрцгий харьцахгүй байх, уугуул эх орон, ёс заншил, түүх соёлын уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчлан гэрээнд тусгаж өгдөг. Үрчлэгч эцэг, эх үрчлэгдсэн хүүхдийн талаархи мэдээллийг өөрийн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт жил бүр мэдээлж байх, хүүхдийн өсч бойжиж буй фото зураг, видео бичлэг зэргийг хүүхдийг 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам хийж манай газарт ирүүлсэн байх талаар тусгасан байдаг. Түүнчлэн манай байгууллага шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хүүхдийн аж байдалтай газар дээр нь танилцахад гарах зардлыг хариуцах, үрчлэгдсэн хүүхэд Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц харьяатаа чөлөөтэй сонгох боломжоор хангахыг гэрээнд зааж өгдөг. Үрчлэгч эцэг, эх оршин сууж буй газраа өөрчилсөн бол тухай бүр хаягийн өөрчлөлт хийсэн тухай өөрийн орны эрх бүхий байгууллагад болон Монгол Улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг.Өөр нэг хяналтын асуудал нь зуучлагч байгууллага нь манай байгууллагатай хамтран Монгол Улсаас үрчлэгдсэн хүүхдэд эх орныг нь танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байдаг.

-Тухайн үрчлүүлсэн хүүхдэд хяналт тавих зардал хаанаас гардаг вэ?

-Үрчлүүлсэн хүүхдийн ахуй амьдрал, аж байдалтай оршин сууж байгаа газарт нь очиж танилцах болон хүүхдэд эх орныг нь танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах зардлыг үрчлэгч эцэг, эх болон зуучлагч байгууллага гаргах энэхүү үүргийг гэрээнд тодорхой тусгаж өгдөг бөгөөд олон улсын жишгээр ийнхүү хянах зардлыг гаргадаг тогтолцоотой.Жишээ нь Итали, ХБНГУ, АНУ, Франц, Япон, Солонгос Улсад үрчлэгдсэн 70 гаруй хүүхдүүдийг 2011-2015 онуудад манай байгууллагаас очиж эргэж, нөхцөл байдалтай нь танилцсан.

-Монгол Улсаас үрчлэгдсэн хүүхдүүд эх оронтойгоо танилцахаар ирдэг үү?

-Энэ оны долдугаар сарын 04-13-ны хооронд энэ жил анх удаа эх орныхоо өв соёл, ахуй амьдралтай танилцахаар манай байгууллагаар дамжин “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан 2002, 2003, 2004, 2006 онуудад АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн 7 хүүхэд гэр бүлтэйгээ ирсэн.

Монголдоо саатах багахан хугацаандаа Элсэн тасархай, Хар хорин, Цонжинболдог, Тэрэлж зэрэг газруудаар аялсан ба Үндэснийхээ их баяр наадмыг үзэж сонирхсон ба Гадаадын иргэн, харьяатын газар, НХХЯ, АНУ-ын ЭСЯ-аар зочиллоо.

10 гаруй жилийн дараа төрж, өссөн эх орондоо ирсэн хүүхдүүдийн хувьд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншилтай танилцаж буйдаа баяртай байгаагаа, ирээдүйд Монголд орондоо хэрэгтэй зүйл хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна гэдгээ илэрхийлж байсан. Хүүхдүүд, аав, ээж нь бид нар ч тэр сэтгэл хөдөлсөн сайхан мөчүүд байлаа. Цаашид ч энэхүү төрөлх эх нутгийнх нь талаар танин мэдүүлэх аялалыг хамтран тогтмол зохион байгуулах болно.

-Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх процесс хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгнө үү?

-Хэд хэдэн шат дамжлагатай бөгөөд нилээд нарийн процесс ажиллагаа явагддаг.

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн нь Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно. Хүсэлт гаргасан этгээд хүүхэд үрчлэн авах боломжтой гэж үзвэл тэдний хувийн шинж, үрчлүүлэхэд тохиромжтой эсэх болон боловсрол, гэр бүлийн болон эрүүл мэнд, өвчний түүх, нийгмийн байдал, үрчлэн авах болсон шалтгаан, улс хооронд хүүхэд үрчлэн авах чадвар зэрэг мэдээлэл агуулсан тайланг бэлтгэн ирүүлдэг. Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үрчлэгдэх хүүхдийг судлан сонгож, үрчлүүлэхээр болсон тохиолдолд үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй зуучлагч байгууллагаар дамжуулан холбогдсоны дараа манай байгууллагад санал, дүгнэлтийг холбогдох материалын хамт ирүүлдэг.

Манай газар нь холбогдох материалыг хянан үзээдхүүхдийн нөхцөл байдалтай очиж биечлэн танилцдаг. Газрын даргын тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам”-д заасны дагуу Комиссын гишүүд үрчлэгч гадаадын иргэнтэй биечлэн уулзаж ярилцлага хийдэг. Ярилцлагаар үрчлэгч эцэг, эхийн санаа, зорилго, хүүхэд үрчлэн авах шалтгаан, эцэг эхийн эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, үрчлэлтийн талаархи ойлголт, тухайн гэр бүлийн түүх болон ирээдүйн төлөвлөгөө, үрчлэгдэх хүүхдийн эрүүл мэндийн байдал, тухайн хүүхдийн онцлог, хүүхдийг хэрхэн нийгэмшүүлж, боловсрол олгох талаар үрчлэгч эцэг, эхийн хандлага зэргийг тодруулдаг. Ийнхүү үрчлэгчтэй ярилцлага хийж комиссын гишүүдийн олонхийн саналаар эцсийн дүгнэлт гарч байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлыг хэлэлцүүлдэг. Хүүхдийг үрчлүүлэх эсэх тухай Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга тушаал гаргадаг юм.

-Жилд хэдэн хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдэж байна вэ?

-Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойшөнөөдрийн байдлаар 266 хүүхдийг 17 орны гэр бүлд үрчлүүлсэн байна. Тухайлбал, АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг орнуудад монгол хүүхэд үрчлгэдсэн. Нийт үрчлэгдсэн хүүхдийг хүйсээр аваад үзэхэд 149 нь эрэгтэй, 117 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ 156, ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна. 2015 онд 5 хүүхэд, 2016 онд 5 хүүхэд, 2017 оны байдлаар 1 хүүхэд үрчлэгдсэн.

-Ямар тохиолдолд хүүхдийг үрчлүүлэхээс татгалзах болон үрчлэлтийг хүчингүй болгодог юм бол?

-Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхдээ үрчлэгч эцэг эхийн нөхцөл байдал, хүсэл зориг бүгдийг нэг бүрчлэн шалгаж үзсэний үндсэн дээр үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Үрчлэгч эцэг эхийн хариултууд нь бүрдүүлж ирүүлсэн материал дахь мэдээлэлтэйгээ зөрөх, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлснийг нь тогтоосон, хүүхэд үрчилж авсаны дараа гарах асуудлыг шийдвэрлэх арга замыг мэдэхгүй, хүүхэд үрчилж авах шалтгаан нөхцөл нь тодорхой бус, үрчлэгч эцэг эхийн санаа, зорилго нийлэхгүй мөн түүнчлэн үрчилж авах гэж буй хүүхдийн талаар мэдээлэл аваагүй байх гэх мэт зөрчил илэрвэл тухайн хүүхдийг үрчлүүлэхээс татгалздаг.

Хүүхдээ хаясан, санаатай төөрүүлсэн, тарчлаан зовоосон, худалдсан, барьцаалсан, биеийг нь үнэлсэн, шунахай зорилгоор ашигласан, эрх зүйн зөрчилд татан оруулсан, хүүхэдтэйгээ хэрцгий харьцсан, сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг нь тогтоогдсон болон хуульд заасан бусад үндэслэлээр тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдах мөн цаашлаад Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуульд заасан үндэслэл болон гэрээ зөрчигдсөн хүүхдийн эрх ашиг хохирсон бол үрчлэлтийг хүчингүй болгох эрх нь манай байгууллагад байгаа. Гэхдээ ийм байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхэд өнөөдрийн байдлаар гараагүй байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж