Насанд хүрээгүй бол өршөөнө гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй бол өршөөнө гэв

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч  Н.Наранцэцэг,  Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Тогоохүү, шүүгч Б.Батцэрэн нар хэвлэл мэдээллийнхэнтэй өчигдөр уулзлаа. Уг уулзалтын үеэр сэтгүүлчид олны анхаарал татсан дуулиант хэргүүдийн шийдвэрлэлт,  шүүгчдийн ёсзүй, хараат бус байдал, шүүх хурал товлогдсон цагаасаа хойшилж буй шалтгаан нөхцөл гээд олон асуултад хариулт авсан юм. Энэ үеэр нийслэлийн  Шүүхийн  шүүгч  Б.Батцэрэнтэй ярилцлаа.

-Улсын нууц задруулсан Ц.Жар­гал­сайханы хэргийн зүйлчлэл Дээд шатны шүүх дээр өөрчлөгдсөн. Тэгэхээр нийс­­лэлийн шүүхээс алдаатай шийдвэр гаргасан гэж ойлгож болох уу?

-Зүйлчлэлд өөрчлөлт оруулсан. Бид Дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ. Шүүхийн практикт улсын нууцтай холбоотой хэргийг өмнө нь  олон удаа шийдвэрлэж байгаагүй.  Тиймээс шинэ төрлийн хэрэг гэж ойлгож болно.  Энэ хэрэг улсын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл хийх боломжгүй юм.

ТОДРУУЛГА

Нийслэлийн бүх дүүргийн шүүхэд  өнгөрсөн жилд  нийт  4819
холбогдогчтой 3186 эрүүгийн хэрэг хүлээн авч,520  холбогдогчтой  248
хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж 173 холбогдогчтой 108
хэргийг хэрэгсэхгүй болгож, 3700 холбогдогчтой 2721 хэргийг таслан
шийдвэрлэж, 24 хүнд эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай арга хэмжээ
авсан. Мөн нийслэлийн Давж заалдах шатны шүүх эрүүгийн 931 хэрэг хянан
хэлэлцэж 9 хэргийн 1 хүнийг цагаатгаж 13 хэргийн зүйлчлэлийг өөрчилж,
222 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж136 хэргийн ял шийтгэлийг
хөнгөрүүлсэн  үзүүлэлтэй байна.

-Нийслэлийн шүүхээс эгч дүү хоёрыг зэрэмдэглэсэн П. Сумъяажавын хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Энэ хэр оновчтой шийдвэр байсан бэ.Үүнд олон хүн  шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?

-Баянгол дүүргийн нутаг дэвс­­гэрт өнгөрсөн 2009 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр П.Сумьяажав , Н.Бямбажав нар бүлэглэн онц хэрцгийгээр таван настай охиныг хоолойг нь хэрчиж, 12 настай эгчийг нь зэрэмдэглэсэн хэргийг шүүхээр хянан хэлэлцэх явцад хөдлөшгүй баримтаар нотлогдсон байдаг. Хэдийгээр тэд онц харгис хэрэг үйлдсэн ч тухайн үедээ насанд хүрээгүй байсан.  Онц ноцтой  хэрэг үйлдсэн дээрх  этгээдүүдийг өршөөх нь буруу гэсэн олон нийтийн шүүмжлэл байгаа. 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд  насанд хүрээгүй хүүхдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж ялаас хэлтрүүлнэ гээд тодорхой  заасан. Насанд хүрсэн этгээд хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй гэсэн заалт  бий. Харин насанд хүрээгүй хүүхдийн хувьд энэ хуулийн заалт  үйлчлэхгүй. Хууль бүх хүмүүст эрх тэгш үйлчлэх ёстой гэдэг үүднээс, бид  хууль сахиулах, хэрэгжүүлэх үүрэгтэй учраас  насанд хүрээгүй хүүхэд ямар ч онц хэрцгий хэрэг үйлдсэн  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах  учиртай. Тэгэхээр П.Сумъяажав, Н.Бямбажав нарын хэргийг  давж заалдах шатны шүүхээс “Насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамруулсан нь энэ.

-Саяхан хурандаа Б.Батболдын хэргийг шийдвэрлэсэн байгаа. Хурандаа бол хэргээ хүлээгээгүй байх аа?

-Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн хилийн отрядын дарга асан хурандаа Б.Батболд удирдлагадаа ажиллаж байсан дэслэгч Б-г зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт шүүгдсэн. Хэдийгээр өөрөө хэргээ хүлээгээгүй ч  хэргийг хянан хэлэлцэх явцад шүүх эмнэлгийн дүгнэлт, бусад  баримтаар хангалттай нотлогдсон учраас анхан шатны шүүхээс оноосон 11 жилийн хорих ялыг хэвээр баталсан. Шүүх түүний гэм бурууг нотолсон.

-Шүүх хурал товлогдсон цагтаа болохгүй хойшлох нь ихэслээ. Тухайлбал шүүх хурал ялиг шалихгүй шалтгаан хэлж хойшлуулдаг өмгөөлөгчдөд ямар хариуцлага тооцдог вэ?

-Судалгаанаас харахад шүүх хурал хойшилж буй үндэслэлийн ихэнх хувийг өмгөөлөгчид эзэлдэг гэдэг нь нууц биш. Өмгөөлөгчид хурал давхацсан, өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшлуулах тохиолдол их байдаг. Шүүхийн зүгээс энэ байдалд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, шүүх хурал хүндэтгэх шалтгаангүй тасалсан өмгөөлөгчид захиргааны арга хэмжээ авах, торгуулийн арга хэмжээ оногдуулж байгаа.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж