Өнөөдрөөс 21 мянган төгрөгийг олгож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс 21 мянган төгрөгийг олгож эхэлнэ

“Хүний хөгжил сан”-аас иргэн бүрт сар бүр олгох 21 мянган төгрөгийг энэ сарын 15-наас олгох тухай яригдаж байсан ч иргэд гар дээрээ мөнгөө авч эхлээгүй байна. Мөн зарим дүүрэг 21 мянган төгрөг олгохдоо бичиг баримт бүрдүүлэхийг шаардаж байна гэх гомдол ч байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийн дарга Л.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-21 мянган төгрөг яагаад удаашрах болов?

-Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамраг­даж 50 мянган төгрөгөө авсан бүх иргэнд 21 мянган төгрөгөө авах эрх  үүсч байгаа. Энэ сарын 15-нд амралтын өдөр таарсан учир 17-ноос  зарим дүүргүүд олгож эхэлсэн.  Арилжааны банкууд ачааллаа тэнцүү хуваарилах үүднээс зарим нэг зохицуулалт хийж байгаа юм билээ. Маргаашнаас/ өнөөдрөөс/ бүх дүүрэг 21 мянган төгрөгөө олгож эхэлнэ.

-Баянзүрх дүүргийн иргэдийг 21 мянган төгрөгөө авахын тулд дахин бичиг баримт бүрдүүлэхийг шаардсан гэх иргэдийн гомдол байна?

-Тийм зүйл байх ёсгүй. Манай байгуул­ла­гаас 21 мянган төгрөг олгоход ямар нэг бичиг баримт бүрдүүлэх ажил зохион байгуулаагүй. Тухайн дүүргийн зохион байгуулсан ажил байж магадгүй юм. Гэхдээ өмнөх мөнгөө авсан хүн ямар ч саадгүй 21 мянган төгрөгөө авах эрхтэй болно. Харин сар шинэ болох гэж байгаа болохоор банкууд дээр дараалал үүсч, ачаалал нэмэгдэж байгаа  тал бий.

-Банкуудад зохицуулалт хийхээр тухайн иргэний мөнгөө авах банк өөрчлөгдөх үү? 

-Өөрчлөгдөхгүй. Хаан, Хадгаламж банкны зарим салбар ачааллаа тэнцүү хуваарилах зорилгоор зарим газраа зохицуулалт хийж байгаа юм билээ. Албан ёсоор тендерээр шалгарсан Хаан, Хадгаламж, Капитал банкуудаар Хүний хөгжил сангийн мөнгийг олгосон хэвээр байна.

-Одоогийн байдлаар 21 мянган төгрө­гийг хэдэн хүн авах боломжтой болсон бэ?

-2010 оны хувь хишиг олголт улсын хэмжээнд 79.7 хувьд хүрсэн. Энэ нь нийтдээ 2 сая 175 мянган иргэн  өмнөх жилд олгосон Хүний хөгжил сангийн мөнгөө авсан  гэсэн үг юм. Нийслэлчүүдийн 87.5 хувь, хөдөө орон нутгийн 75.6 хувь нь 21 мянган төгрөгөө авах боломжтой болсон байна. Дүүргүүдийн хувьд хишиг олголт эн тэнцүү байгаа бол орон нутгаас Өвөрхангай аймаг хамгийн бага буюу 59.7 хувьтай байгаа дүн мэдээ ирсэн.

-Хөдөө орон нутгийн банкуудад санхүү­жилт очоогүй байгаа гэх юм?

-Бүх аймаг, дүүргийн арилжааны  банкууд 21 мянган төгрөгийн санхүүжилт авах хүсэлтээ өгч үүний дагуу хоёр өдрийн өмнөөс аймаг, дүүргийн арилжааны банкууд төрийн сангаасаа мөнгөө татаж эхэлсэн. Нийтдээ 720 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

-Оны өмнөхөн онлайнаар буюу банкны аль ч салбараас мөнгөө авч байсныг  болиул­сан нь иргэдийг бухимдуулаад байна уу?

-Иргэдэд  мөнгийг  ямар журмаар олгох нь тухайн арилжааны банкны шийдэх ажил. Иргэд өөрийн хуваарьтай банкны аль ч салбараас мөнгөө авдаг байсан нь эерэг ч гэлээ зарим салбаруудад хэт их ачаалал үүсч, давхардах тохиолдол гарсан. Тиймээс ачааллыг тэнцүү хуваарилах, хишиг олголтын ажлыг хурдан шуурхай явуулах үүднээс  оршин суугаа газрынхаа банкнаас авахаар болсон юм.

-21 мянган төгрөгийг  бөөнөөр нь авах болом­жийн талаар иргэд их лавлаж байна?

-Энэ мөнгийг бэлнээр авах бол  сар сард нь л авна. Харин бэлэн бусаар буюу 10 сая төгрөгөөс дээш тохиолдолд бөөнөөр олгохоор журамд заасан. Өөрөөр хэлбэл, 40 хүн нийлээд, тодорхой бизнес, үйлдвэрлэл эрхлэх хүсэлт, төслийн материалаа бүрдүүлсэн  тохиолдолд л мөнгөө  бөөнөөр  авах эрх үүснэ. Одоогоор  40-үүлээ  нийлж мөнгөө авах гэсэн нэг л хүсэлт байна.

-Хүний хөгжил сангийн мөнгийг  эрүүл мэндийн даатгалд суутгуулахаас илүү бэлнээр нь авах сонирхол их байна л даа?

-Малчин, оюутан, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс өөрсдөө хүсвэл Эрүүл мэндийн даатгалаа төлүүлж болно. Заавал энэ мөнгийг төлөх ёстой гэсэн зүйл байхгүй. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж