Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнамын Улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан гурван өдрийн турш үргэлжлэн протоколд гарын үсэг зурах ёслолоор өнөөдөр /2017.08.10/ өндөрлөлөө.
Протоколд хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах, Монгол Улсаас Вьетнам Улсад мах экспортлох талаар заажээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Гурван өдрийн турш манай мэргэжилтнүүд болон холбогдох албан газрын байгууллагууд асуудлуудаа хамтарч хэлэлцээд, протоколд гарын үсэг зурлаа. Энэ протоколд Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах болон хагас боловсруулсан, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байгаагаар өндөр ач холбогдолтой. Вьетнам Улс нь Монгол Улсаас мах авах маш их сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Протоколд хоёр улсын ирэх дөрвөн жилд хамтарч хийх ажлууд ерөнхий тусгагдсан, гол заалт нь худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилготой” гэлээ.
Мөн хоёр улсын дэд сайд нарын ахалсан ажлын хэсэг жилийн турш байнгын харилцан холбоотой ажиллаж, төлөвлөгдсөн ажлыг хурдасган, хяналт тавих аж.
Сайд П.Сэргэлэн “Махныхаа экспортыг бид нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа. Энэ жил бид 40,50 тонн мах гаргачих юмсан гэсэн бодолтой ажиллаж байна. Мөн Иран Улстай гэрээгээ дахин шинэчлэн, нэмэх ёстой” гэлээ.
Г.ТҮШИГ
Холбоотой мэдээ